Азийн хөнгөн атлетикийн холбооноос эмэгтэй шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшний шүүгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Тайланд улсад сургалт зохион байгуулж буй. Эл сургалт нь Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны жендэрийн тэгш оролцоог дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд эмэгтэй шүүгчдийг 2027 онд болох (хүрэл түвшний) олон улсын шүүгчийн шалгалтад бэлтгэхэд чиглэжээ.
Сургалтын хүрээнд хөнгөн атлетикийн тэмцээний дүрэм, техникийн зохион байгуулалт, шүүгчийн үүрэг хариуцлага болон олон улсын шүүлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдлэг олгох аж.
Эл сургалтад МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спортын мэргэжлийн онол арга зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын хөнгөн атлетикийн шүүгчдийн зөвлөлийн гишүүн Б.Нармандах хамрагдав.
Түүнчлэн МҮОХ-ноос Олон улсын олимпын хорооны “Олимпын эв санааны нэгдэл” төслийн тэтгэлэгт хөтөлбөрт дасгалжуулагчдыг үе шаттайгаар хамруулж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд Унгарын Будапешт хотод үргэлжилж буй олон улсын дасгалжуулагчийн сургалтад Э.Бадамгарав хамрагдлаа. Тэрбээр өндөр түвшний дасгалжуулагчдыг бэлтгэдэг тус сургалтын тамирчдын тэсвэр, хүч чадал, уян хатан байдал, хурд болон чадварыг хөгжүүлэх чиглэлээр онол, практик хосолсон 100 гаруй цагийн ахисан шатны хичээлд сууж, спортын шинжлэх ухааны орчин үеийн арга зүйг улсдаа хөгжүүлэхээр зорьж буй аж.