Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн бодит өртгийг багасгах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглох зохицуулалт хийхээр ажиллаж буйг мэдээллээ. Иргэд зээлийн хүүгээс гадна шимтгэл төлдөг нь санхүүгийн нэмэлт дарамт үүсгэж байгаа бөгөөд шимтгэл, хураамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Ингэснээр эх үүсвэрийн өртөг, үйл ажиллагааны болон эрсдэлийн зардал, ашиг зэргийг шимтгэл хэлбэрээр давхардуулан тооцож, олон нийтээс авах явдлыг бүрэн зогсооно гэж үзжээ. Мөн зээлийн үйлчилгээний хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, өрхийн санхүүгийн дарамтыг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хангах бодлогын чухал хэсэг болохыг дээрх хорооноос онцлов.
С.Цэрэн