УИХ дахь МАН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа Ёс зүйн дэд хорооноос гаргасан зөвлөмж, мэдээллийг сонсож, 2027 оны төсвийн төсөлтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. “Оюутолгой”-н ногдол ашгийн зарцуулалттай холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үр дүнд үндэслэн Засгийн газар хоёр их наяд төгрөгөөр хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх санал бүхий төсвийн төслөө эргүүлэн татсан. Үүнээс үүдэн 2027 оны төсвийн төсөлд томоохон өөрчлөлтүүд оруулах нөхцөл бүрдээд буйг Засгийн газрын тэргүүн энэ үеэр мэдээлжээ. Тухайлбал, малын вакцин, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, “Үдийн цай” хөтөлбөр зэрэг зайлшгүй шаардлагатай санхүүжилтүүдийг шийдэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна. УИХ дахь АН-ын бүлэг хуваарийн дагуу өчигдөр хуралдахаар тов зарласан ч гишүүдийнх нь ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшлуулжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн айлчлал болон Австралийн уул уурхайн үзэсгэлэнтэй холбоотойгоор тус намын харьяалал бүхий парламентын 10-аад гишүүн гадаадад томилолтоор ажиллаж байгаа аж.
Н.Дүүл