Оросын хэсэг эрдэмтэн Монгол Улсын Увс аймаг, Их нууруудын хотгорт 3.328 ам км талбай эзлэн орших Хяргас нууранд хэвлээр явагч, үл мэдэгдэх аварга амьтан байдаг гэдэгт итгэж, хэдэн жилийн турш судалж байгаа гэнэ. Оросын судлаач Григорий Потанин 1881-1901 онд Хяргас нуурын химийн найрлагыг анх судалж байсан бөгөөд тэр үедээ нуурын эрэгт үл мэдэгдэх том амьтны мөр байсан талаар тэмдэглэсэн байдаг гэнэ. Мөн 1980-аад онд судлаач Виктор Ярмолюкаар удирдуулсан Монгол, Оросын геологийн шинжилгээ судалгааны ангийнхан нуурын орчим буудаллах үедээ үл мэдэгдэх амьтны мөр илрүүлж байсан талаар тэмдэглэн үлдээсэн байдаг аж. Эрдэмтэд нуурын хөвөөнөөс хэсэг мөр илрүүлснээ хэвлээр явагч, үлэмж биетэй нэг, эсвэл хэсэг амьтных гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна тэд үл мэдэгдэх амьтны архирах чимээ хүртэл сонсогдсон гэж байгаа. Тэгвэл Хяргаст үнэхээр тийм амьтан байдагт итгэж, тэрийгээ батлахыг зорьсон Оросын эрдэмтэд тус нуурын орчмоор 2010, 2013 оны зун аялсан тухайгаа цахим хэвлэлүүдэд мэдээлжээ. Хоёр удаагийн аяллын багийн гишүүн, Оросын зохиолч, судлаач Игорь Гришин “Бид дуу авиа хураах зориулалттай хамгийн сүүлийн үеийн багаж, техникээр зэвсэглэн Монголын Хяргас нуурыг зорьсон. Тэндээс хачирхалтай гэмээр яснууд олсон. Мөн энэ нуураас том соёоны оромтой загас баригддаг нь бидний анхаарлыг татсан. Бид энэ хугацаанд Хяргас нууранд Алтайн шүдгүй осман байдгийг мэдэж авсан. Энэ онд бид цуурай хэмжигч төхөөрөмжийн тусламжтайгаар нуурын ёроолыг тандаж, хуурай газар дээрх хэд хэдэн мөр олсон. Нуурын хөвөөний элсэн дээр ямар нэгэн зүйл чирсэн ул мөр байсан. Энэ нь тэр амьтан чулуу хөдөлгөснөөс үүссэн гэж таамаглаж байгаа” гэжээ. Хяргас нуурын “мангас”-ыг илрүүлэхээр ирсэн багийн гиш үүн, Оросын Валдай хотын дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан,амьтан судлаач В.Николаев “Нутгийн иргэд нууранд асар том амьтан байдаг гэдэгт итгэдэг юм билээ. Энэ бол домог биш гэдэгтэй бид ч санал нэг байна. Ер нь шинжлэх ухаанд танигдаагүй, үл мэдэгдэх, нууцлаг зүйлийг хүмүүс эхэндээ үлгэр домог гэж ярьдаг шүү дээ. Жишээ нь, хулсны баавгай, анаашны төрлийн окапийг таньж мэдээгүй байсан тэр цаг үед мөн л үлгэр мэтээр хүлээж авч байсан. Мөн 400 сая жилийн хугацаанд өөрчлөгдөн хувьсаагүй латимери загас байдгийг ч домог гэж боддог байсан шүү дээ” гэжээ.
Тэднийг нуурын эрэгт очиход хуй салхи босож, дөрөв хоногийн турш аадар орж, цахилгаан цахилсан нь илүү гайхашралд хүргэсэн тухайгаа ярьжээ. “Хэр барагтай бол эл нуурын орчим байгалийн тийм үзэгдэл болдоггүй нь биднийг цочирдуулж, үнэхээр нууцлаг амьтан байдаг гэдэгт улам итгэхэд хүргэсэн. Байгаль хүртэл нууцаа тайлахыг хүсээгүйн илрэл гэж” тэмдэглэжээ. Орос эрдэмтдийн таамаглаж буйгаар Хяргас нууранд Мөстлөгийн эриний өмнө амьдарч байсан эртний амьтан өдгөөг хүртэл байх магадлалтай гэнэ. Байгалийн оньсогыг тайлахын тулд нэр хүндтэй эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлж, мэргэжилтнүүдийн анхаарлыг тийш нь татах зорилго тавьжээ. Үнэхээр манай Хяргаст Шотландын Лохнесс нуурынхтай адил “мангас” байдаг гэж үү? Энэ хэр ортой бол. Худлаа байсан ч яадаг юм бэ, шотландчууд шиг овсгоо гарган, Хяргас руу жуулчид татах том боломж биш гэж үү. Зөвхөн Лохнесс нуурыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид Шотландыг зорьдог юм гэсэн.
Дашрамд дуулгахад, Лохнесс нууранд Несси хэмээх хачирхалтай амьтан байдаг гэж дэлхий даяар шуугидаг ч өдгөөг хүртэл зургийг нь авч чадаагүй. Саяхан Нессийн гэрэл зургийг дарсан тухай мэдээлэл интернэтэд тавигдсан ч үнэндээ тийм юм байна гэж хэлэхийн аргагүй юм билээ. Нутгийнхан Лохнесст сэлэхээр орсон хүмүүс алга болчихдог гэж ярьдгийг эрдэмтэд нуурын ёроолд сордог лаг шавар байдагтай холбон тайлбарласан байдаг. Нуурын мангасыг харсан гэх хүмүүс Несси 5-6 метр урт, анааш шиг урт хүзүү, жижиг толгойтой хэрнээ заан шиг богино, дөрвөн хөлтэй гэж дүрсэлдэг. Зарим нь үлэг гүрвэлтэй төстэй гэдэг. Харин Английн амьтан судлаач Шиле 1977 онд Нессийн “патиар”-ыг хоёр талаас нь авсан гэж байгаа. Түүний зурагт буусан Нессийн нуруу ногоовтор хүрэн, хэвлий нь гөлгөр бор өнгөтэй бөгөөд жижиг толгойтой. Харин энэ нуурыг 27 жилийн турш судалсан англи инженер Тим Динсдейлийн 1950 онд авсан гэрэл зургийг бодит гэж олон орны эрдэмтэд баталсан байна.