АН-аас МАН-ыхныг нэр хүндэд нь халдсан мэдэгдэл, тайлбарууд тараасан гэж үзэн өнгөрсөн баасан гарагт шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагадаа тэд “АН нь УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дараа МАН-аас хамтран ажиллах урилга хүлээн авч, Монголын эрх ашигт өндөр ач холбогдол өгөхүйц эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийг боловсруулсан билээ. Хамтарсан Засгийн газарт ажилласан өнгөрсөн 10 сарын хугацаанд АН эрчим хүчний хараат байдлыг бууруулах дэд бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, 18 жилийн турш гацсан хил холболт болон худалдааны хэлэлцээрийг урагшлуулан, авлигын тэмцэлд бодит алхам хийх зэрэг цөөнгүй ажлыг хийсэн. Гэвч харамсалтай нь МАН VI Бага хурлаараа АН-ыг хамтарсан Засгийн газраас гэнэт гарган, үүнийгээ ямар ч албан тайлбаргүйгээр олон нийтэд мэдээлсэн нь туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо. Улмаар АН-ыхныг хамтарсан гэрээгээ зөрчсөн хэмээн гүжирдэн, намын нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл, тайлбар тараасан нь ёс зүйгүй үйлдэл билээ. Харин ч улс төрийн ууган хүчин болсон МАН байгуулсан гэрээгээ зөрчиж, уг шийдвэрийн хариуцлагаас зайлсхийсэн мэдэгдэл гаргаж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэсэн.
Иймд нэгдүгээрт, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийн албан ёсны тогтоол, түүний шалтгаан нөхцөлийг албан бичгээр ирүүлэх, хоёрдугаарт, АН-ын нэр хүндэд халдсан аливаа гүжир мэдээлэл, тайлбаруудаа няцааж, уучлал хүсэх, гуравдугаарт, хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн үйл ажиллагааны залгамж халаанд хүндэтгэлтэй, хариуцлагатай хандахыг хүсье” гэв. Мөн эдгээр шаардлагын дагуу албан ёсны хариу ирүүлээгүй тохиолдолд АН улс төрийн дараагийн алхмуудыг хийнэ гэдгээ мэдэгдлээ.
О.Оргилох