Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ. Түүнчлэн мал, тэжээвэр амьтан тааралдаж магадгүйг сануулсан, ил гал гаргах, хог хаяхыг хориглосон тэмдгийг ч байршуулсан аж.
Зэрлэг амьтны тархац нутаг, ойн сантай ойр авто замуудад 1.23 кодчилол бүхий тэмдэг заавал байршуулна гэж манай улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан байдаг гэнэ. Үүний дагуу хотын ногоон бүсэд ойр, зэрлэг амьтан олноороо нутагладаг, хөл хөдөлгөөн ихтэй газрууд дахь шинэ байршлуудад ийм тэмдэг нэмж тавьсан байна. Энэ нь зэрлэг амьтдыг хамгаалах зорилготой ч иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтойг мэргэжилтнүүд дурдлаа.