Манай улс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиа хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны зургаадугаар сард ши¬нэчилсэн. Шалтгаан нь зах зээл дэх чанаргүй, мөртлөө “хөөсөрсөн” үнэтэй эмүүдийг шахаж, үйлчилгээ өндөртэйг нь оруулж ирэх, цаашлаад дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар импортод хяналт тавих зорилготой. Бүр тодруулбал, тус хуулийн тавдугаар зүйлд “Төрөөс эм, эмнэлгийн хэрэгслийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг байна. Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, нөөц бүрдүүлнэ. Импортыг орлох эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг дэмжинэ. Ингэхдээ төрийн хатуу хяналт, зохицуулалттай байж, үнэ болон бусад мэдээллийг ил тод байлгана” гээд заачихсан. Гэтэл ЭМЯ-ны бодлого, салбарын сайдынх нь “санаачилга”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын чиг үүрэг бүгд төрийн, хуулийнхаа эсрэг болчихлоо. Тэр дундаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн шинэчилсэн хуулийн аргагүй нөхцөлд ашиглах ганц, хоёрхон заалт дээр “тоглолт хийж”, эмийн “наймаачин” болчхоод буй.
Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд шаардлагатай тохиолдолд эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг дотооддоо яаралтайгаар бүртгэн нийлүүлж, эмчилгээнд хэрэглэх, олон улсад чанар хангасан бол гадаадын үйлдвэрлэгчээс буюу нэг эх үүсвэрээс худалдан авах арга хэрэглэхийг заасан. Тэгвэл одоохондоо манай улсад хэрэглээ нь илүүдсэн үү л гэхээс дутагдаж гачигдсан эм, тариа бараг байхгүй. Эмийн импорт улам л өсөж, үнэ нь ч талийж өгсөн. Монголчууд жил бүр 550-600 гаруй тэрбум төгрөгийн эм импортлон, хэрэглэж буй гэсэн судалгаа бий. Тэр хэрээр чанаргүй, хуурамч, өндөр өртөгтэй эмүүдээр зах зээл дүүрсэн. Өөрөөр хэлбэл, бидэнд яаралтайгаар эм оруулж ирээд, бүртгээд, шахаад байх шаардлага хараахан үүсээгүй байна.
НЭГ ЭХ ҮҮСВЭРИЙН ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ХЭН Ч БАТАЛГАА ӨГЧ ЧАДСАНГҮЙ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш манай улсад нэг эх үүсвэрийн гэх эмийн шууд худалдаа цэцэглэх болсон. Үүнийг салбарын сайд Т.Мөнхсайхан “Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмүүдийн үнийг тогтворжуулах үүднээс нэг эх үүсвэрээс худалдан авалт хийх болсон” тухайгаа тайлбарласан. Ижил үйлчилгээтэй хэрнээ өөр өөр улсад үйлдвэрлэсэн, харилцан адилгүй үнэтэй эмийг зах зээлээс шахаж, нэг эх үүсвэрээс худалдан авах нь бидэнд ашигтай л даа. Гэвч уг ажиллагаа нь хууль, дүрэмд захирагдаж, хяналт даруулга, хатуу зохицуулалттай байх ёстой. Нэг эх үүсвэрээс авсан эм болгон чанартай, аюулгүй байж чадах уу гэдэг нь ч одоо хэр нь эргэлзээтэй хэвээрээ. Учир нь өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн, иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож буй эмүүдэд чанарын баталгаа өгөх эзэн олдсонгүй.
Улсын хэмжээнд өдгөө 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3899 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна. Тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх. Салбарын сайдын мэдээлснээр импортын эмийн 63 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа аж. Тиймээс түүний одоо оруулж ирж буй эмүүд нь хуулийн хатуу зохицуулалттай улс орноос импортолж байгаа учраас чанартай гэв. Эмийн найрлага, үйлчлэл, хуурамч, эсэхийг нь ч шинжлэх лабораторигүй монголчуудад энэ нь ч сайхан тайлбар санж. Өөрөөр хэлбэл, ЭМЯ, ЭЭХХЗГ-ынхан нэг эх үүсвэрийн эмүүдэд “эрх бүхий зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн” гэдэг л “баталгаа” өгч байгаа юм.
Эм гэдэг онцгой бүтээгдэхүүн, чанар, аюулгүй байдлыг нь хангахгүй л бол иргэдээ химийн хороор “угжиж” буйгаас ялгаагүй. Манай улс 2023 онд л гэхэд 528.2 тэрбум төгрөгийн эмийг ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Унгар, БНЭУ, Индонез, Беларусь зэрэг 51 улсаас импортолжээ. Тиймээс өнгөрсөн оноос импортлогчдын тоог цөөлөхийн тулд нэг улсаас олон төрлийн эм худалдан авч байгаа нь энэ гэнэ. Шаардлагатай гэж үзвэл хуулийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн шинэ эмийг хүртэл итгэлцлийн түргэвчилсэн журмаар зах зээлд шууд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Сайд, дарга нар эм импортлох гэж ингэтлээ яагаад “чич¬ рээд” байна вэ. Уг нь шинэ эмийг улс бүртгэж, хэрэглээнд нэвтрүүлэх хүртлээ судалгаа, шалгалт, шинжилгээнд нэг жил орчмын хугацаа зарцуулдаг байлаа. Харин өдгөө салбарын сайд нь энэ бүхнийг дур мэдэн шийдэж, үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийсэн шигээ “шоудаж” явдаг болж
Нэг эх үүсвэрээс эм шууд худалдан авах ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар БНСУ-аас гэхэд л таван үйлдвэрлэгчээс хавдар, зүрх, судас, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний эмгэгийн, эрэгтэйчүүд, дотоод шүүрлийн үед өргөн хэрэглэдэг 18 нэр, төрлийн эм импортолж, эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Эдгээрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Нэмээд, Швейцарын “Рош” үйлдвэрээс хавдрын бай эмчилгээний таван нэрийн эмийг хүлээн авч, нээлт хүртэл хийгээд амжсан. Түүгээр ч зогсохгүй хавдрын химийн эмчилгээний 20 гаруй нэр, төрлийн эм, тариаг мөн л БНСУ-аас импортлохоор үнийн хэлцэл хийж буйгаа сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Үүнээс таван нэрийн тариаг нь импортолж эхэлсэн байна.
Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 135 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй эмд зарцуулна. Тэгвэл зөвхөн дээрх шууд худалдан авалтаар оруулж ирсэн нэг эх үүсвэрийн эмүүдэд сангаас эхний улиралд 10 орчим тэрбум төгрөг зарлагадчихаад байгаа аж. Гэтэл цаана нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 600 орчим нэр, төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахаар иргэд дугаарлаж суугаа. Улсынхаа энэ мэт ядуугийн зовлонг манай сайд, дарга нар харин мэддэггүй бололтой, нэг эх үүсвэрийн эмүүдээ чилтэл ярьж, сурталчилсаар байхыг бодоход.
ХУУЛИЙН ЦООРХОЙГООР ЭМИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ “АРИЛЖИЖ” БАЙНА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан өнгөрсөн хугацаанд дээрх асуудлаар юу ч сонсоогүй мэт таг чиг, нүдэн балай, чих нь дүлий байсаар ирсэн нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн саяхан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд хаяглан “Эмийн агентлагийнхан тендерийн хуультай холбоотой, Засгийн газраас баталсан 42 дугаар тогтоолын дагуу эм оруулж ирэх ажлаа холбогдох журмын дагуу гүйцэтгэж байсан. Энэ чиглэлээр НҮБ-ынхантай хүртэл хэлэлцээр хийж, хамтран ажиллаж байхад нь Т.Мөнхсайхан, чи болиулсан. Тэгэнгүүтээ гадаадын үйлдвэрүүдтэй гэрээ, хэлцэл хийж, өч¬ нөөн нэр, төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, үнийн харьцуулалтгүйгээр худалдаад авчихсан байна. Засгийн газрын гишүүн үйлдвэрлэгчидтэй шууд уулздаг, гэрээ хийдэг, ийм ашиг сонирхлын зөрчил гаргаж болохгүй. Хоёр дахин хямд үнээр оруулж ирсэн, чанартай, хавдрын тэр эмүүдийг чинь өвчтөнүүд хайгаад байна лээ шүү” хэмээн мэдэгдэл гаргасан.
Харин сайд Т.Мөнхсайхан үүнийг огтхон ч тоогоогүйн дээр нэг эх үүсвэрийн эмийн худалдан авалт, нийлүүлэлтийн сурталчилгаагаа улам эрчимжүүлж, нэр, төрлийг нь ч олшруулан, импортлохоор улайран зүтгэсээр байна. Эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцөлийг ард иргэдэд бүрдүүлж, хяналт тавих, хатуу зохицуулах чиг үүрэгтэй ЭЭХХЗГ-ынхан ч салбарын сайдаасаа эмээсэн үү, амаа үдүүлсэн хэвээрээ л. Тэднээс нэг эх үүсвэрийн гэх эмийн худалдан авалтад ямар үүрэг, хариуцлагатайгаар оролцож буй, эсэхийг нь, чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа талаар нь тодруулах гэсэн боловч тусыг олсонгүй. Дарга нар нь өдөр, шөнөгүй л ЭМЯнд дуудагдаж, хуралддаг гэнэ. Уг нь ЭЭХХЗГынхан яамны бодлогыг дагаж, сайдын үгээр “намирч” гүйх статустай хүмүүс биш сэн. Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүргээ тэд умартсан бололтой.
Тиймээс яаманд дуудагдаж, бөхөлзөхийнхөө оронд дур зоргоороо аашилж буй сайдынхаа хандыг “хага дарж”, өөрсдөө эмийн худалдан авах ажиллагаагаа хараат бусаар зохион байгуулж, үүнийгээ иргэд олон нийтэд ил тод мэдээлж, эм ханган нийлүүлэгчдэдээ төрийн үйлчилгээг нээлттэй үзүүлэх үндсэн үүргээ биелүүлэхийг хүсье. Үгүй бол, УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын хэрэгжилт энэ янзаар хангагдахгүй нь. Цаашлаад шууд худалдан авалтаар халхавчилсан эмийн бизнес улам дэлгэрч, чанар, аюулгүй байдлыг нь “арилждаг” үзэгдэл ч гаарна.