Булган аймгийн Баян-Агт сумд өнгөрсөн бямба гарагт гарсан ой, хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраалаа. Түймрийн хор хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагынхан өдгөө ажиллаж буй гэнэ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сум буюу Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт дөрөвдүгээр сарын 29-нд гарсан түймрийг унтраахаар 128 хүн, есөн техниктэйгээр ажиллаж байна. Харин тус аймгийн Хүдэр сумд энэ сарын 9-нд гарсан ой, хээрийн түймрийг тухайн өдрийн 23.30 цагт цурамд оруулсан бөгөөд өдгөө бүрэн унтраахаар ажиллаж буй. Түүнчлэн Хэнтийн Норовлин сумд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид, иргэд гээд нийт 200 хүн ажиллаж буй юм. Иймд хаврын хуурайшилт, салхи ихтэй энэ өдрүүдэд ой, хээрт зорчихдоо татсан тамхины иш, түүдэг гал, үнс нурмаа бүрэн унтрааж, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй, сонор сэрэмжтэй байхыг дээрх байгууллагаас анхаарууллаа. Ташрамд дурдахад, энэ он гарснаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 80 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар түймэрт ойн 26 800 га, хээрийн 701 мянга орчим талбай өртжээ. Мөн урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэнэ.
У.Сүрэн