Говийн аялал жуулчлалын гол маршрут болсон Даланзадгад-Мандалговь чиглэлийн авто замыг жуулчны улирлаас өмнө яаралтай засаж, зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг аяллын компаниуд, орон нутгийн иргэд шаардаж буй. Энэ долоо хоногийн эхээр болсон говийн бүсийн анхдугаар чуулганы үеэр ч иргэд эл асуудлыг хөндөж, бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүст санал, шүүмжлэл хэлж байв. Тэгвэл Зам, тээврийн яамнаас тухайн чиглэлийн 38.4 км авто замыг засуулахаар хоёр удаа тендер зарласан, одоо ч сонгон шалгаруулалтын зар байршуулаад буй талаараа мэдээллээ. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд өнөө жил улсын төсвийн хөрөнгөөр говийн аймгуудын нийт 156 км замд их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд Даланзадгад-Мандалговь чиглэлийнхэд 39.1 тэрбум төгрөг хуваарилжээ. Тендерт оролцогчдын саналыг энэ сарын 23 хүртэл хүлээн авах аж.