Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд “Монгол Ард эскадриль”-ийн дурсгалын цогцолборын нээлтийн ёслолыг 2025 оны тавдугаар сарын 24-нд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй тэргүүтэй цэргийн албаны хүмүүс, ОХУ-аас Монгол Улсад суугаа Цэрэг, агаарын цэргийн атташе хошууч генерал П.В.Петрунин, ОХУ-ын уран нислэгийн «Стрижи» багийнхан зэрэг албаны хүмүүс оролцов.
“Монгол Ард” эскадрилийг Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмний хөрөнгөөр босгож 1943 оны есдүгээр сарын 25-нд ЗХУ-ын Смоленск мужийн Вязовая аэродромд ЗХУ-ын баатар, гвардийн ахмад Н.П.Пушкинд хүлээлгэн өгч байжээ. Тус эскадрилийн бие бүрэлдэхүүн 1944 оны зургадугаар сараас Зөвлөлт Белорусс, Зөвлөлтийн Литвийн нийслэл Вильнюс хот, Балтийн Польш, Дорнод Пруссыг чөлөөлөх байлдааны ажиллагааны үеэр Украины 1 дүгээр фронтын цэргийн гол бүлэглэлийг агаараас халхлах үүрэг авч үүргээ амжилттай биелүүлж, дайны төгсгөл хүртэл баатарлагаар тулалдан, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байсан.
Монголын ард түмний хандив тусламжаар бий болгосон Монгол Ард эскадрилийн баатарлаг гавьяаг мөнхжүүлсэн цогцолборыг бий болгосон нь мөнхийн хөрш ах дүүгийн найрамдалд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг илтгэн харуулсан, мөн ирээдүй хойч үедээ бахархалт түүхээ сурталчилан таниулсан үйл явдал боллоо.