“Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх мессеж өдөрт хэдэн арваараа ирж “айлгах” болов. Цагдаагийн дохиураар, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцсон атал “Гэрэл дохио”, “Зогс шугам” зөрчсөн гэх зэргээр алдаа гаргаагүй ч хиймэл оюун “муу” дүн тавьж, олон нийтийг бухимдуулж байна. Энэ ямар учиртай юм бэ, ингэж дасгасаар нэг л өдөр ихээхэн хэмжээний торгууль ногдуулах вий гэх эргэлзээ, түгшүүр олны дунд үүсчихлээ. Дэлхий нийт тэр чигтээ хиймэл оюунаар залуурдуулж буй технологийн энэ эрин үетэй манай улс ч хөл нийлүүлэх нь зүйн хэрэг. Гэвч хиймэл оюуныг “дөнгөлөх” хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байж салбар бүрд ингэж хүч түрэмгийлэн нэвтрүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүйг хуульчид анхааруулах болов.
Технологийн хөгжлийн цаана хүний эрхийн зөрчил байнга гардаг талаар ч тэд сануулж буй. Тухайлбал, хуульч Л.Галбаатар “AI бол ажил хөнгөвчлөх ёстой болохоос эцсийн шийдвэр гаргах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуны хийснийг хүн заавал баталгаажуулж, өөрөө эцсийн шийдвэрийг гаргана гэсэн үг. Жишээ нь, цагдаа зохицуулж, автомашиныг явуулахад хиймэл оюунаас “зөрчил” гээд мессеж ирүүлээд байгаа нь асуудал юм. Хиймэл оюун бол бидний өдөр тутмын амьдралд оролцож байгаа нь үнэн. Тухайлбал, фэйсбүүкт хэрэглэгчийн зан үйлийг бүртгэж, контент санал болгодог бол бид гар утсандаа царай таних, биометрик мэдээллүүдээ баталгаажуулж нэвтэрдэг. Энэ бүхний цаана хүний хувийн мэдээлэл алдагдахгүй гэх баталгаа байхгүй” гэв.
НИЙСЛЭЛЧҮҮД УХААЛАГ КАМЕРЫН ӨГӨГДӨЛ БОЛЧИХЛОО
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад хиймэл оюунд суурилсан нийт 2600 гаруй камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас зам, тээврийн осол, зөрч¬ лөөс сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх камеруудыг суурилуулсан аж. Тэдгээрийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хянаж байна. Тус төвд нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг ажиллуулж байгаа бөгөөд хиймэл оюунд суурилсан 2606 камер өгөгдөл цуглуулж буй юм. Түгжрэлийг бууруулах, жолооч нарыг хариуцлагажуулах зорилгоор царай таних технологи бүхий эдгээр камерыг суурилуулсан гэж мэргэжилтнүүд нь тайлбарласан. Үүгээр зогсохгүй хиймэл оюунд суурилан зөрчил мэдээллэх үйл явцыг туршиж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтэн хэлсэн юм. Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх хиймэл оюуны бүртгэсэн мэдээллийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэдийн гар утсанд илгээж эхэлсэн бөгөөд сүүлийн саруудад илүү эрчимжүүлсэн байна. Одоогоор нийт 1.2 сая орчим мессеж илгээжээ. Гэхдээ эдгээр нь ямар нэгэн хариуцлага тооцох бус, жолооч нарт анхааруулга, сануулга өгч буй хэлбэр аж. Цаашид үүнийг илүү боловсронгуй, алдаа мадаггүй болгосны дараа жолооч нартай хариуцлага тооцох гэнэ. Дүрмийн дагуу явсан ч мессеж илгээдэг “гажиг”-ийг цэгцлэх, хиймэл оюуныг “сургах”-аар ажиллаж буй юм байна. Жишээ нь, цагдаа зохицуулж байгаа тохиолдолд тухайн уулзварын камерыг хаах, автомашины дугаарын тоог андуурч, эзэмшигч нь бус, өөр хүн рүү зурвас илгээж “будлих” гэх мэт алдааг нь засаж, хиймэл оюуныг улам “ухаантай” болгож буй аж.
Бид өдөр тутамдаа замын хөдөлгөөнд оролцдог. Энэ хэрээрээ хиймэл оюунд суурилсан хяналтын камерын өгөгдлийг бүрдүүлж байгаа. Маш их хэмжээний мэдээллийг цуглуулж буй учир үүнийгээ буруу зүйлд ашиглахгүй, задруулахгүй байхад анхаарах хэрэгтэйг хуулийн салбарынхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, авто замын хөдөлгөөнд оролцогчдын тоон мэдээллийг ашиглаж болох ч тухайн хүн, автомашиныг тодорхойлох боломжгүй байдлаар хэрэглэх нь зүйтэй юм.
Г.ДАВААДОРЖ: ХИЙМЭЛ ОЮУН БИДНИЙ УРД “АЛХАЖ” БАЙНА
Хууль зүйн салбар дахь хиймэл оюуны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэлийн талаар нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Даваадорж өнгөрсөн сард болсон хуульчдын хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавьж, шинэхэн судалгаагаа танилцуулсан юм. Техник хангамж, дэд бүтэц, төсөв хөрөнгийн асуудлын нөгөө талд хуульч мэргэжилтнүүдийн хиймэл оюуны талаарх мэдлэг, хэрэгцээ, шаардлага ямар байгаа нь чухал гэдгийг тэрбээр илтгэлдээ онцолсон. Тиймээс хуулийн салбарт ажиллаж буй 1800 гаруй хүнээс энэ талаар судалгаа авсан байна. Гэтэл тэдний 63 хувь нь үйл ажиллагаандаа хиймэл оюуныг ашигладаггүй гэж хариулжээ. Шалтгаан нь мэдлэг мэдээлэл хангалтгүй бөгөөд цаашид сурах хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн аж. Хүний эрхийг хамгаалагч болох шүүх, цагдаагийн байгууллагынхны хиймэл оюуны талаар мэдлэг хэдийчинээ сайн байна төдийчинээ хүний эрхийн зөрчил бага гаргах юм.
Шүүхийнхэн гэхэд цахим нотлох баримт, тоон гарын үсэг, онлайн шүүх хурлыг нэвтрүүлэх гэж “мунгинаж” суутал хиймэл оюун хэдийн дараагийнхаа хөгжилд хүрчихлээ. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр манай хууль, шүүхийн байгууллагынхан нэг үеэ бодоход хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарах болжээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хиймэл оюунд суурилсан робот төхөөрөмж нэвтрүүлэх гэнэ. Тэрхүү робот нь гал, усны аюул, хоригдол оргох, амиа хорлох болон хоорондын зөрчил, тэмцэл гаргахаас урьдчилан сэргийлэх хянагчийн үүрэг гүйцэтгэх юм байна. Түүнчлэн хорихангийн өрөөний камер болгонд хиймэл оюунд суурилсан анализ хийх систем нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Ингэхдээ хүний хувийн мэдээллийг задруулахгүй, эрхийг нь зөрчихгүй байхад анхаарах ёстойг хуульчид хэлсэн. Энэ талаар Г.Даваадорж шүүгчээс тодруулахад “Шүүхийн салбарт хиймэл оюуны 6-7 модулийг хөгжүүлж байна. Тухайлбал, зургийг текст болгох, баримтын төрлийг ангилах, ярианаас текст рүү хөрвүүлэх дүрмийн алдаа шалгах, монгол бичгээс кирилл рүү, кириллээс уйгаржин бичиг рүү хөрвүүлэх, шүүхийн шийдвэрийн сангаас хайлт хийх зэргийг нэвтрүүлэхээр ажиллаж, заримыг нь хөрсөнд буулгалаа. Ингэхдээ хүний хувийн болон болон эмзэг мэдээллийг “масклах” буюу нууцлах үйл ажиллагааг хиймэл оюунаар хийж байна. Ялангуяа олон улсад хэргийн оролцогчийн хувийн мэдээллийг боловсруулах, шүүхийн захиргааны хүний нөөцийн мэдээлэлтэй ажиллах, кэйс тойм боловсруулахад бүх төрлийн хиймэл оюуны түүлийг хориглосон байдаг. Хүний хувийн болон эмзэг мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулахад илүү туршлага хэрэгтэй. Ийм мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож илгээснээр хонь бүрэн, чоно цатгалан байх юм. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээлэл алдагдаагүй хэрнээ шүүхийн шийдвэрийг уншиж буй хүнд ийм хэргийг ингэж шийддэг юм байна гэдгийг харуулах нь чухал. Шүүх.мн цахим хуудсанд байршуулсан хүний нууцад хамаарах мэдээллийг дандаа гараар бичдэг. Алдаа гаргана. Үүнийг автоматжуулах хэрэгтэй” гэв.
Мөн тэрбээр “Технологийн хөгжил бидний амьдралаас түрүүлж “алхаж” байна. Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээс урьтаж технологи нь гарчихдаг. Бид араас нь хөөгөөд л стандарт, дүрэм, журам яриад л явж байна. Ний нуугүй хэлэхэд, бодит байдалд цагдаа, шүүх, эрүүл мэндийн салбар, яам, агентлаг зэрэг удирдлагын байгууллагууд нь ялгаагүй хиймэл оюуны дүрэм, журам, стандартыг батлахаасаа өмнө инженерүүдтэйгээ ярилцаад хэрэгжүүлчхээд байгаа юм. Тухайлбал, цагдаагийн байгууллагынхан ухаалаг хяналтын систем суурилуулсан. Үүнийг зохицуулсан дүрэм, журам, хууль нь байхгүй. Цагаан дээр хараар бичсэн дүрэм журам алга. Эрүүл мэнд, банк санхүүгийн салбарынхан ч ялгаагүй, хиймэл оюуныг ашиглаж байгаа ч зохицуулсан дүрэмгүй ажилладаг. Хиймэл оюунаар зээл тооцоолох нь энгийн үзэгдэл болсон. Яг аль салбарт, яаж ажиллуулах вэ гэсэн бодлого стратегийн төлөвлөгөө, баримт бичиг алга” хэмээсэн юм.
УЛС ОРНУУД AI-Г ХЯНАЖ ЭХЭЛЖЭЭ
Хиймэл оюун бидний ажлыг хөнгөвчилж, мэдээллийг боловсруулж, бүр сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэн, зөвлөж, “халамжлах” болсон энэ цагт түүнээс зугтах аргагүй. Ингэхдээ хувь хүн цаашлаад улс орнууд компьютерын программ хангамжаар бүтээгдсэн хүний сэтгэхүйг дууриалгасан ба бараг ижил түвшинд хүргэхийг хичээсэн технологийн төрөл гэж тодорхойлогддог зохиомол ухааныг илүү ухаалгаар удирдах хэрэгцээ шаардлагатай нүүр тулж буй. Энэ оны байдлаар цөөнгүй улс хиймэл оюуны тухай тусгай хууль баталжээ. Тухайлбал, 2024 онд Европын холбоо дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухааны хуулийг батлаад мөрдөж эхэлсэн. Хүний эрх, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх AI-г хатуу хянадаг юм байна. АНУ-д хиймэл оюуны хууль болон дүрэм, журам нь муж бүрд харилцан адилгүй үйлчилдэг аж. Мөн БНСУ энэ чиглэлээр хууль баталж, ирэх онд хэрэгжүүлэхээр зэхэж буй аж. Харин манай улсад нөхцөл байдал ямар байна вэ.
ЦХИХХЯ-наас Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Уул уурхай, эрчим хүчний салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхээр төлөвлөсөн талаараа ч мэргэжилтнүүд дурдсан. Гэвч одоогоор манай улсад хиймэл оюуныг хуулийн хүрээнд хэрхэн ашиглах нь тодорхойгүй хэвээр. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун гэх технологийн шийдлийг юунд ашиглаж болох, болохгүйг зохицуулсан хууль, дүрэм, журам, стандарт байхгүй. Монгол Улс олон улсын жишгээр хиймэл оюуны бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуульчид үзэж буй. Ингэхдээ салбар, байгууллага бүр үйл ажиллагаандаа хиймэл оюуныг хэрэглэх ашиглах талаар дагаж мөрдөх стандарт, журам боловсруулах хэрэгтэйг сануулсан. Технологийн хөгжлийн цаана хүний эрхийн асуудал байнга хөндөгддөг учир үүнийг хуулиар нь зохицуулахаас өөр аргагүй билээ. Жишээ нь, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Ажлын удирдлагууд хүний хувийн орон зайд халдаж, урьдчилж мэдэгдэлгүйгээр амрах өрөөнд камер байршуулсан. Энэ үйлдэл хуульд нийцэх, эсэхийг шалгаж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг нэгэн цэцэрлэгийн манаач ХЭҮК-т ирүүлжээ. Гомдлын мөрөөр шалгахад хүний хувийн нууцад ноцтой халдсан зөрчил илэрсэн байна. Хиймэл оюун, технологитой холбоотой зөрчлийг хуулиар л зохицуулахгүй бол энэ мэт хүний эрхийн гомдол тасрахгүй нь.