Увс аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлал, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Халиуны гаргасан энэ санаачилгыг орон нутгийн удирдлагууд нь хэлэлцээд, хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Тэрбээр энэ талаар “Экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой, нэн ховор амьтан болох цоохор ирвэсээр дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх, нутаг орныхоо гол онцлог, давуу талыг сурталчлан таниулах, байгаль хамгааллыг сайжруулах боломжтой байлаа. Гэтэл ИТХ-ын тэргүүлэгчид цоохор ирвэсийг Увс аймгийн бахархалт амьтан болгох саналыг дэмжсэнгүй. Манай аймагт чацаргана, жамц давснаас өөр брэнд гэхээр дорвитой бүтээгдэ¬хүүн байхгүй, зочид гийчдэд өгөх бэлгийн сонголт ч хязгаарлагдмал. Ирвэсийн дүр бүхий чихмэл, хөргөгчний наалт зэрэг жуулчдад зориулсан олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж болно. Баян-Өлгий аймгийнхан бүргэдийг брэнд болгож чадсан. Бидэнд ч ийм боломж бий” гэсэн юм. Ташрамд дурдахад, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 оронд л нутагладаг цоохор ирвэсийн нийт популяцын 20 орчим хувь нь манай орны баруун бүсэд тархан идээшилдэг бол үүний 10-аад хувь нь Увсад бүртгэгдсэн гэж үздэг.
Ж.Ган