Нийслэл хот 2024 онд дотоодын зах зээлээс 1.5 жилийн хугацаатай, дунджаар 13 хувийн хүүтэй нийт 798.3 тэрбум төгрөгийн бонд босгоод, түүгээрээ зам засвар, арчилгаа, батарей хуримтлалын станц барих төсөлд зарцуулахаар төлөвлөсөн нь Өрийн удирдлагын тухай хуультай нийцээгүй гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ. Дээрээс нь өнгөрсөн жилийн сүүлчээр гадаадын зах зээлээс босгосон 500 сая ам.долларын үнэт цаасаа арилжааны банкуудад байршуулж, бондын эх үүсвэрээ ашиглаж ч амжаагүй байтал 5.7 тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орсон тухай мэдээллийг аудитынхан илчлэв. Хотын захирагч Х.Нямбаатар энэ мэтийг “Худал мэдээлэл” гэж нийгмийн сүлжээгээрээ уйгагүй няцааж буй ч өнөөх “худал” мэдээллийг нь сэтгүүлчид бид биш, УИХ-ын гишүүд, Үндэсний аудитынхан дэлгээд байна.
“Нямбаатар 500 тэрбумын үнэт цаас гаргал уу, яалаа”, “Нийслэл дахиад 500 сая ам.долларын бонд босгосон гэсэн үү, түүгээрээ юу хийж байгаа юм бол доо” гэхчлэн хагас хугас мэдээлэлтэй “үл мэдэх” нийслэлчүүд 500 сая, тэрбум гэсэн тоон дунд толгой нь эргэж, төгрөг, доллароо хольж хутган байх хооронд нэмэлтээр дахиад 300 орчим тэрбумыг дотоодоос босгочхож. Гагцхүү тэр мөнгийг хэзээ, хаана, юунд, хэрхэн яаж зарцуулахаар төлөвлөсөн нь маш нууц. УИХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх үеэр л нэмэлт 300 тэрбумын бондынх нь тухай мэдэж авлаа, татвар төлөгчид.
Монгол Улсын нийслэл хот түүхэндээ анх удаа буюу 2024 оны зургаадугаар сарын 25-нд “Улаанбаатар бонд”-ыг дотоодын зах зээлд гаргаж, 500 тэрбум төгрөг босгосон. Мөн өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-нд Монголбанкны валютын данс руу 500 сая ам.доллар нь албан ёсоор орж ирсэн “Нийслэл бонд”-ыг гадаад зах зээлээс хаалттай байдлаар гаргасан. Энэ хоёрын дундуур дахиад нэг бонд нэмэлтээр “гүйлгэсэн” нь энэхүү 300 тэрбум төгрөг гэхээр 2024 оны нийслэл, дүүргийн сонгуулийн санхүүжилт рүү тэр мөнгийг цутгасан байх магадлал их.
“УЛААНБААТАР БОНД”-ЫН 100 ТЭРБУМЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТАТВАРЫН НЭМЭГДЛЭЭР ТӨЛСӨН ҮҮ
Дэлхийн хотуудын жишгээр Улаанбаатар ч гэсэн бонд босгох мөрөөдөлтэй олон жилийг үдсэн. Э.Бат-Үүл мээрийн үед энэ асуудал илүү эрчимтэй яригдаж эхлэхэд МАН-ын зүгээс 2016 оны сонгуулиар бондыг “Энэ бол өр. АН-ынхан улсаар нь өрөнд оруулсан” хэмээн сөрөг сурталчилгаа болгон ашиглаж, санасандаа ч хүрсэн. Харин 2020 оны сонгуулиар хот бондтой болох асуудлыг чухалчлан хөндөж, хуулийн зохицуулалтыг нь хүртэл хийснээр 2023 оноос энэ ажил шуударсан түүхтэй.
Тухайн үеийн нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл жилдээ 1.9 их наядын орлого олдог. Тиймээс 500 тэрбумын бонд босгоход санхүүгийн хувьд хүндрэл үүсэхгүй. Бондын эх үүсвэрийг нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулах “Сэлбэ сэргэлт” төсөлд зарцуулна” хэмээн мэдээлж байв. Энэ хооронд нийслэлийн удирдлагууд ч солигдож, бондын зориулалт, зарцуулалт ч өөрчлөгдсөн атал 500 тэрбум гэдэг тоо хөдлөөгүй юм. Ийнхүү нийслэл 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө эхний ээлжийн нээлттэй арилжаалсан 500 тэрбум төгрөгийн бондынхоо 300 тэрбумыг 14 хувийн хүүтэй босгож, энэ санхүүжилтийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалт руу хийсэн. “Улаанбаатар бонд”-ын үлдсэн 200 тэрбум төгрөгийг 100, 100-гаар нь хуваан 13, 12 хувийн хүүтэйгээр босгон, нийслэлийн зам засвар, арчилгаанд зарцуулсан гэж тайланд дурджээ. Эхэндээ бол 200 тэрбумаас 150-ийг нь Улаанбаатар хотын зам засвар, шинэчлэлд, үлдсэн 50 тэрбум төгрөгөөр нийслэлийн бохир усны “Туул 1” коллекторын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна гэж байсан. Гэвч хотын удирдлагууд хэлснээсээ буцаж, бүх мөнгөө хөхөө өвлөөр энд тэнд зам хуулж, зү гээр байгаа бордюрыг солиход зарцуулжээ.
Саяхан хотын захирагч Х.Нямбаатар “2024 онд нийслэлийн хэмжээнд 137 км урт зам засаж, шинэчилсэн. Энэ онд 100.5 км замыг шинэчилж, засах төлөвлөгөөтэй. Ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дээрх ажилд шаардлагатай хөрөнгийг өнгөрсөн онд бонд босгож шийдсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн төсвөөс 100 тэрбумын эргэн төлөлт хийлээ” гэж мэдэгдсэн. Нийслэлийн төсөв ч гэж юу байх вэ. Угтаа татвар төлөгчдийн халаасыг л тэмтэрсэн хэрэг. 15 жилийн дараа гэнэт л хотын тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн, түүгээрээ бондын эргэн төлөлтийг хийлээ гэж хардах үндэслэл хангалттай бий, нийслэлчүүдэд.
“Нийслэл бонд”-ыг гадаад зах зээлд хаалттай арилжаалж, ахин 500 сая.ам доллар татан төвлөрүүлсэн байна. Хаалттай арилжаанд 14 хөрөнгө оруулагч оролцсоноос BlackRock сан 100 сая ам.долларыг, Finco сан 200 сая ам.долларыг худалдан авчээ. Бондын эргэн төлөлтийн хугацаа 2027 оны наймдугаар сард дуусах бөгөөд энэхүү санхүүжилтийг Сэлбэ дэд төвийн төсөлд оруулах ажээ.
“ХААЛТТАЙ” БОНДЫН ЗАРЦУУЛАЛТ Ч ХААЛТТАЙ
2024 оны арваннэгдүгээр сард олон улсын зах зээлээс босгосон “Нийслэл бонд”-ын 500 сая ам.долларын 300-г нь дэлхийн том сангууд болох “BlackRock”, “Finco” бүрдүүлсэн бол үлдсэн 200-г бусад 12 хөрөнгө оруулагч худалдаж авчээ. Энэхүү бондыг “Private placement” буюу хаалттай байдлаар гаргасан. Өөрөөр хэлбэл, нийслэлийнхэн өөрсдийнх нь бондыг тодорхой хэмжээнд сонирхож буй хөрөнгө оруулагч сангууд руу хамтран ажилладаг банкуудаараа дамжуулан санал тавиад, маш богино хугацаанд илүү уян хатан нөхцөлтэйгөөр хөрөнгө босгох боломжоо ашиглажээ. Нөгөө нь, “Public placement” буюу нээлттэй болохоор бүгдэд ил тод зарлаж, ямар хөрөнгө оруулагч хэр их хөрөнгөөр оролцох нь тодорхой байдаг аж. Энэ хэрээрээ нөгөө талд санхүүгийн маш олон материал бэлдэж, олон улсын биржүүдийн бүх шаардлагыг хангахын тулд их хугацаа ордог учраас яаравчилсан тухайгаа нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Мандуул ярьсан нь бий. Энэхүү бондыг манай улс 2027 оны наймдугаар сард төлж дуусгах учраас үүнээс өмнө нийслэл дахиад нээлттэй бонд гаргаж, үүнийгээ дахин санхүүжилтээр солино гэдгийг ч тэрбээр хэлсэн.
Тус бондын санхүүжилтийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн IV хорооны 158 га газарт 12 000 айлын орон сууц барих, нийслэлийн дэд бүтцийг өргөжүүлэх, ус, дулаан, цахилгааны системийг сайжруулах ач холбогдолтой “Сэлбэ” дэд төвийг байгуулахад зарцуулна гэж байсан. Одоогоор дөрвөн багцад хувааж тендер зарласан ч өдийг хүртэл бүтээн байгуулалт нь эхлээгүй л байна. Бүтээн байгуулалт эхлээгүй шалтгааныг санхүүжилтийг нь арилжааны банкуудад байршуулсан явдал гэж аудит дүгнэснийг энд дурдах нь зүйтэй. Жилийн 7.75 хувийн хүүтэй босгосон 500 сая ам.доллароо арилжааны банкуудад байршуулж, хадгаламжийн хүүгээс 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн авлагатай бүртгэсэн боловч хуримтлагдсан хүү 14.7 тэрбум, ханшийн зөрүүнээс 2.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, бондын эх үүсвэрийг ашиглаагүй 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байна гэж аудитын байгууллага дүгнээд буй. Гадаадын зах зээлээс бонд босгоод, хараахан хэрэглээгүй байгаа ч бид хүүг нь хэдийн төлж эхэлсэн. Цаашид өдөр ирэх бүр энэ алдагдал нэмэгдэж таарна. “Их санасан газар есөн шөнө хоосон” гээч болох вий.
Санаан зоргоор болдог бол нийслэлийн удирдлагууд гадаадын зах зээлээс 500 биш, 700 сая ам.доллар босгох гэж байсан билээ. 700 сая ам.доллар гэдэг нь тухайн үеийн ханшаар 2.4 их наяд буюу 2024 оны Улаанбаатар хотын төсөвтэй тэнцэх дүн юм. Ийм дураараа, ямар ч төлөвлөлтгүйгээр дотоод, гадаадын зах зээл дээрээс бонд босгож, түүнийгээ ашиглаж чадахгүй хүүгийн алдагдалд ороод байгаа хариуцлагыг хэн хүлээх вэ. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед шаардлагагүй том том төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдээд буй. Ямартай ч ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд нийслэлийн төслүүдийг танилцуулж, хэрэгжүүлэхгүйг нь тодорхой болгох юм гэсэн.
Л.Аргамжин