Монголчууд нийтээрээ одон, медалийн дон тусаж, найман настай балчраас наян настай буурал хүртэл төмрийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй болоод удаж буй. Бүр цэцэрлэгийн шинэ жил, төгсөлтийн арга хэмжээнд хүртэл нэгийг нь шилдэг суралцагчаар шалгаруулж, медаль өгнө гэнгүүт бусад нь барьцаад бүгдэд нь төмөр зүүж өгдөг жишиг тогтчихсон. Эцэг, эхчүүд нь ч түмний хүүхдийг ялгаж, сэтгэлд нь сэв суулгаад яах вэ хэмээгээд ангиар нь дүүрэн медаль, тууз, баярын бичиг тараахыг алга ташин дэмжих аж. Хөхнөөсөө ч “гараагүй” шахам хүүхдүүд медаль авсангүй гээд сэтгэлд нь сэв суух нь юу л бол. Яг үнэндээ эцэг, эхчүүдийнх нь л хандлага, дутуугийн зовлон энэ юм.
За, тэгээд ерөнхий боловсролын сургуулийн түвшинд ч шилдэг, спортлог, авьяаслаг, тусч, номч, хүнлэг, шударга сурагч гэхчлэн түмэн медаль тараадаг болсон. Нэмээд, сургуулийн нэрэмжит, сурагчдын холбооны, Монголын хүүхдийн ордны гэхчлэн одон, медалийн буухиа тасрахгүй. Уралдаанч хүүхдүүдийг хүртэл Монголын хүүхдийн ордны алт, мөнгө, хүрэл медалиар шагнадаг болсон гэв үү дээ.
Оюутан, залуусыг мөн элдэв оюутны холбоо, их, дээд сургуулийн, НАМЗХ, Монголын залуучуудын холбооны гэх тодотголтой медалиудаар шагнасаар ирсэн. Ажлын байран дээр гарсан ч нийтээр төд удалгүй л “Гавшгайч”, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас”-тан болцгооно. Өөрөөр хэлбэл, монголчууд хар нялхаасаа л юу ч хийж бүтээгээгүй байсан ч элдэв шагнал, медалиар энгэрээ цоолсоор өдий хүрэв.
Тэгсэн мөртлөө хийсэн бүтээсэн нь олны нүдэнд ил, туурвиж тэрлэсэн нь нийтэд түгсэн урлаг соёлын хэдийгээ, кино, драмынхан, дуучид, бүжигчдээ л бүгдээрээ алагчилж, “мэрэх” сонирхолтой. Уламжлалт эл хандлага ч өнгөрсөн наадмаар хүчтэй түгсэн. Өнөөх л “Тэр ч Гавьяат жүжигчин авах ёстой, ёсгүй. Түүнд Ардын жүжигчин өгсөнгүй. Энэ яахаараа Урлагийн гавьяат зүтгэлтэн болчихдог юм. Нэрт хөгжмийн зохиолчид Төрийн соёрхол хүртээгүй байхад эд хэн бэ” гэх одон, медаль тойрсон хэрүүл маргаан оргилдоо хүрч, одоо ч тасраагүй л байна.
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчийн үлгэрээр хэн нэгнийг одон, медалиар шагнасангүй гэж өөрийн уур бухимдлыг барж, улс нийтээр нь хэрүүл тэмцэлд турхирагчид ч олширсон. Нөлөөлөгч гээд өөрсдийгөө нэрлэчихсэн тэд нийтээр тэмдэглэх аливаа баяр ёслол, түүхэн ой, Цагаан сар, наадмаар ёс юм шиг л гарч ирж, хэн нэгнийг шагнасангүй гэж уянгалдаг хэвээрээ. Зарим нь бүр хүлээн зөвшөөрдөг хүмүүст нь одон, медаль хялайлгахгүй бол нутаг нугаараа, сурсан сургуулиараа нийлээд “Төр нь тоодоггүй юм бол түмэн олон нь, төгсөгчид нь тооно” гэхчлэн нэгнийхээ алдар гавьяаг сайн дураараа тэмдэглэж өгдөг, тэгэхийг уриалдаг болсон байна. Өөрөө ч, өрөөлийн төлөө ч ганц төмөр энгэртээ зүүхийн төлөө нийтээрээ ингэтлээ элий балай болцгоочих юм гэж үү.

ГАВЬЯА ШАГНАЛ ГЯЛАЛЗАЖ, ХҮН ЧАНАР БҮДГЭРЭВ
Төрийн цол, шагналгүй заримыг “Та бол ард түмний гавьяат” шүү гэж хөөргөхийг нь яана. Өөрөөр хэлбэл, гавьяа шагналгүй л бол хүнийг хүн чигээр нь үнэлж, хүндлэхээ больсон гэсэн үг. Яаж ийгээд “ард түмний гавьяат” ч болтугай наачих юм. Өнөөгийн Монголд хүн чанараар, хүний мөсөөр, хийсэн бүтээснээрээ үнэлэгдэх, хүндлэгдэх нь тийм хэцүү болжээ дээ. Насаараа ямар нэгэн цол гуншингүй явсан хүн тэгвэл хэнд ч хэрэггүй амьдарсан болж таарах уу. Талийгаачдаа сүүлчийн замд нь үдэж байгаа хүмүүст ч намтарт нь унших ямар ч гавьяа, шагналгүй бол хэцүүдэх нь ээ. Хэн нэгэнд гай болохгүй, гавьяа ч байгуулахгүй, өөрийнхөөрөө үнэ цэнтэй, сэтгэл хангалуун амьдраад дуусах ч эрхгүй юү.
Энэ мэт хүний мөн чанар, хүн байхын утга учрыг гавьяа, шагналгүйгээр төсөөлөхийн аргагүй болтол нь төмөр тараажээ, манай төр засгийнхан. Нийгмийн ухамсарт асар хортой нөлөө үзүүлж байгаагаа ч тэд өөрсдөө мэддэг. Гэсэн ч Ерөнхийлөгчөөсөө өгсүүлээд сайд, дарга нар хүний нэр төр, үнэ цэнийг төмрөөс дээш гаргахгүй болтол нь одоо ч одон, медалиар угжсаар л байна. Харин иргэд үүнийг ухахгүй, улам донтсоор байгаа нь харамсалтай.
Хамгийн сүүлд буюу уржигдархан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймаг үүсэн бай¬гуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ тус аймгийг төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнасан. Өнгөрсөн оны өдийд, Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан мөн тэрбээр зарлиг гаргаж, Бэрхийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байлаа. Эдгээр шагналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэн нэгнээр дамжуулалгүй, өөрийн биеэр очиж гардуулснаараа онцлогтой.
Сум, орон нутгийн тэгш ой тохиох бүрд энэ мэт төрийн хэдэн одон, медалиа тараагаад байвал тун удахгүй 21 аймаг, 330 сум бүгдээрээ гавшгайчид болох биз ээ. Хэн нэгнийг шагнаж урамшуулах нэг хэрэг. Гэтэл эзэн биегүй аймаг, сумыг хүртэл одон, медалиар өргөмжлөхийг сайшаахаас буруушаах хүн ховор байгаа нь хачирхалтай. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Бэрх хот, Сүхбаатарын одонт Увс аймаг болчихоор яг ямар хөгжил дэвшил гарах вэ. Орон нутагт нь үйлдвэр, хоршоод гэнэт баригдан, модон жорлонгоосоо бүгдээрээ салцгааж, хөгжил цэцэглэлтийн манлайд хүрэх үү. Нэрнээсээ авхуулаад л социализм ханхлуулсан ийм одон, медалиудаас нийтээрээ татгалздаг болцгоох сон доо.
“ОЙН НААДМААР ОДОН, МЕДАЛЬ ТАРААСАНГҮЙ, ОЮУНЫГ ДЭМЖИХ ХЭДЭН САН БАЙГУУЛЛАА”
Харин нэр бүхий УИХ-ын гишүүд сүүлийн үед одон, медаль тараахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тэдний нэг нь гишүүн Н.Номтойбаяр бөгөөд тэрбээр үүнийгээ ч үг, үйлдлээрээ батлан харуулж, өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт бартаат замын, туулах чадвар өндөртэй, аврах, эрэн хайх зориулалт бүхий “Камаз 4326” маркийн автомашин, зургаан хүний суудалтай “Ranger” загварын хийлдэг завь хандивлана лээ. Тэрбээр энэ талаараа “Ойн наадмаар одон, медаль тараасангүй. Харин оюуныг дэмжих хэдэн сан байгууллаа. Бөх байлах гэж бэл бэлчингээрээ бусадтай уралдсангүй. Түүний оронд ойн түймэртэй тэмцэж буй онцгойгийн аврагч нарт иж бүрэн тоногтой, байлдааны “Камаз”, жэт завь өглөө” гэсэн юм.
Түүнчлэн наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрөөс жил бүр олгодог одон, медалийн тоо 40 мянгыг давах болсныг мэдээлсэн. Ганц наадам ч биш, түүхт ой давхацсан, тэмдэглэлт бусад баярын үеэр ч төрийн дээд цол, шагналыг үнэгүйдүүлэн олгож буйг, үүнд улсын төсвөөс их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулж байгааг тэрбээр шүүмжилсэн юм. С.Цэнгүүн “Баяр болгоноор замбараагүй та¬раа¬даг одон, медалийн тоо утгаа алдлаа. Энэ хэвээрээ одон, медаль тараасаар байвал 10-20 жилийн дотор гэхэд Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр төрөөс ямар нэг шагнал авах төлөвтэй. Ганцхан яамнаас шагнал гардуулахад жилд улсын төсвөөс хэдэн төгрөг үрэн таран хийж ирснийг мэдэх үү. Тухайлбал, ХХААХҮЯ-наас гэхэд л улсын аварга, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдийг шагнахад жил бүр 1.7-2.4 тэрбум төгрөг зарцуулж байна. Өнгөрсөн жилд “Улсын аварга малчин” 195 төрсөн. Зөвхөн 21 аймагт шагнал тараахад төсвөөс 1.5 тэрбум төгрөг зарцуулсан” гэв.

ЦОЛ ХЭРГЭМ ЭЗНЭЭСЭЭ “ТӨӨРЧ”, ХЭН ДУРТАЙД НЬ ХЯМДХАН ОЛДДОГ БАРАА БОЛЖЭЭ
Манай улс 1925 онд анх Цэргийн гавьяаны, Бичгийн гавьяаны гэсэн хоёр одонг батлан гаргажээ. Цэргийн гавьяаных нь хожим Байлдааны гавьяаны улаан тугийн одон болсон аж. Харин Бичгийн гавьяаныхыг нь нэг хэсэг Аж ахуйн гавьяаны одон хэмээж байгаад сүүлд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болгосон байна. Тэгвэл Улсын баатар цолыг 1934 оноос олгож эхэлжээ. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг нь эрхэм дээд цол бөгөөд эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт амь биеэ үл хайрлан зориулж, төр, нийгмийнхээ өмнө баатарлаг гавьяа байгуулсан, улс орноо хөгжүүлэх, хүнлэг ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, улс ардын аж ахуй, нийгэм, соёлын салбарыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэ¬мэр оруулсан хүмүүст олгож ирсэн түүхтэй.
Тэгвэл Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат зүтгэлтэн цолыг өөрийн мэргэжил, ур чадвар, авьяас билгээрээ тодорч, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эмч, багш, тамирчин, жүжигчин, зохиолч, зураач, уран бүтээлч, хөдөлмөрийн амжилт гаргасан улс ардын аж ахуй, нийгэм, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүнд тус тус хүртээдэг аж. Төрийн шагналыг гэхэд урлаг соёлын хамгийн эрхэм хүндтэй хүнд олгодог бөгөөд 1946 онд Д.Нацагдоржийн “Сүхбаатарын намтар” хэмээх түүхэн зохиолд анх хүртээсэн байна. Гэвч орчин цагт шагнал, одон, медалийн зорилго өөрчлөгдөж, тэр хэрээр эзнээсээ ч “төөрч”, хэн дуртайд нь хямдхан олддог төмөр болон хувирсан нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, улс төрчид, дарга ангийнхан, нам хүчинд хэн ойрхон ажиллаж, тэдэнд үйлчилсэнд нь зүгээр л өгчихдөг болсон нь үнэн. Зураач Л.Өнөрчимэг л өөрийгөө Төрийн соёрхол хүртэх ёстой гэж ил цагаан хэлж, гомдоллодог болохоос биш, цаана нь “төмрийн цуглуулга”-наас аль нэгийг нь авчих санаатай хүн сүрэг бий болсон нь даанч харамсалтай.
Одон медаль өвөртлөөд сайн хүний дүрээр айл хэсэн, айраг ууж, найр наадам, Цагаан сар тэмдэглэх нь сайд, дарга нарын сонгуульд санал цуглуулах гол арга нь гэдгийг ч УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлсэн. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон, медалийн тоо 40 гаруй хувиар нэмэгддэг аж. Тухайлбал, өнгөрсөн онд Боловсролын яамныхан 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ-ныхан 4400-гаар удаалжээ. Дайн байлдаангүй атал БХЯ-ныхан гэхэд цэргийн 2700 орчим цол, одон, медаль, өргөмжлөл гардуулсан байх жишээтэй.
Дэлхий улам хавтгайрч, асар хурдацтай хөгжсөөр буй өнөө үед иргэд илүү гярхай байж, одон, медальд шунаж, муйхарлахаа болих хэрэгтэй. Тэр дундаа шинэ цагийн хүүхдүүдээ өөрсөд шигээ төмөр шүтсэн элий балай болгохгүйн төлөө хөгшин, залуугүй одооноос өөрчлөгдөх учиртай юм.