Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарчид Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйгаа залуу хойч үедээ таниулж, оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тиймдээ ч олон нийт ихэд талархан хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн баатар цолыг оройтож өглөө хэмээн зарим нь халаглаж байв.
Үүнээс илүү халаглам, харуусам явдал нь Төрийн эрхэм дээд цолоор энгэрээ мялаасан П.Бадарч гуайг тэргэнцэртэй нь эвтэйхэн буулгачих налуу зам байгаагүй. Өдгөө 86 нас зооглож буй буурал найрагч Төрийн ордны өндөр шатаар бууж, олон түмэнтэйгээ уулзах гэж багагүй бэрхшээлтэй тулгарсан. Ордны урд хаалга буюу Чингисийн хөшөөтэй талаас тэргэнцэртэй хүн гарч, орох налуу зам байгаагүйгээс тэр. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих зам тавиагүй, “нисэж үх” гэснээс ялгаагүй байж улаан хивс дэвсээд ч яах билээ.
Хөдөлмөрийн баатар П.Бадарч гуайг тэргэнцэртэй нь хамт Төрийн тусгай албаны хамгаалалтын ажилтнууд гурван талаас нь дэмнэн өргөж, дунд нь амсхийсээр, эв хавгүйхэн “газардуулсан”. Уг нь иргэндээ ээлтэй улсад бол Төрийн ордон нь ядаж тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн бусдын тусламжгүй орж, гарчих орц, гарцтай байдаг. Энэ тохиолдолд найрагчийг өргөж чирээд байхгүй тэргэнцэртэй нь түрээд л хялбархан буулгачих байв.
Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хэр ээлтэй байгаагаас л аливаа улс орны хөгжлийг тодорхойлдог гэдэг. Манай улсад өнгөрсөн оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэн, 470 гаруй мянган ахмад настан амьдарч байна. Энэ хэрээр орч¬ ны хүртээмжийг сайжруулах асуудал нэн тэргүүний ажил болж буй юм. Үүнийг төрийн эрх барих дээд байгууллагынхан нь эхлүүлж, үлгэр жишээ үзүүлэх цаг болжээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛСӨН ХОЁР ГИШҮҮН ЮУ ХИЙВ
Монгол Улсын ес дэх удаагийн парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хоёр төлөөлөл орж ирсэн юм. УИХ-ын гишүүн болсон даруйдаа ялгаатай байдлыг биеэр мэдэрсэн хүн бол Ж.Баясгалан. Тэрбээр ордны орчны хүртээмжгүй байдлын улмаас тайз руу гарч гишүүнийхээ үнэмлэхийг авч чадаагүй. Дараагийн өдөр нь мөн л тангараг өргөхдөө индэрт гарч чадалгүй, бусдаасаа тусгаарлагдсан. Хэрэв налуу шат байсан сан бол индэр дээр гараад гишүүнийхээ үнэмлэхийг авч, тангаргаа бусдын жишгээр өргөх байв. УИХ-ын гишүүн болоод гомдсон хүн нь би л байх хэмээн ярилцлага өгсөн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээл гэдэг бол хүнд биш, нийгэмд, төрд байна. Иргэдийн хандлагаас илүү төрийн байгууллага, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийн асуудалд бий” хэмээн ярьсан.
Тэрбээр гишүүн болсноосоо хойш бараг арван сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд индэртэй болсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентад орж ирсэн даруйд л үүнийг шийдэж болохоор байв. Модон индэр байрлуулах гэж арван сарыг зарцуулсан шийдвэр гаргагчдаас ихийг хүсэлтгүй мэт. Сая нэг юм танхимын гишүүдийнхээ урдаас харж үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсондоо Ж.Баясгалан гишүүн ихэд сэтгэл хангалуун харагдана лээ. УИХ-ын гишүүд ч үзээгүйгээ үзсэн мэт өнөөх индрийг нь тойрч зогсоод зургаа татуулсан байна билээ. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд индэр дээрээс үг хэлж чадахгүй, урд нь суугаад үзэл бодлоо илэрхийлдэг байсан. Одоо тэргэнцэртэй иргэд төрийн арга хэмжээнд индрийн ардаас үг хэлэх боломжтой боллоо. Цаашид салбарын яам, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн энэ жишгийг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлсэн.
Гэхдээ түүний ажил зөвхөн ганц индэртэй болох биш байлтай. Хүртээмжгүй, ялгаварлан гадуурхсан, хүний эрхийг зөрчсөн, тэгш бус байдлыг гааруулсан явдал Төрийн ордонд нэг бус буйг засаж, сайжруулж, дараа дараагийн Төрийн ордноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байя хүмүүст боломж олгох нь гишүүний үүрэг баймаар. Тулгуур эрхтний бус, хараа, сонсголын бэрхшээлтэй олон хүн Төрийн ордонд ороод л “төөрнө”. Албан ёсны дохионы хэлмэрч байхгүй, өрөө, танхим нь брайл хаяггүй. Ийм байж дотор нь суугаа эрх мэдэлтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулна хэмээн ихэд уран цэцэн ярихыг яана. Ярьдаг шигээ хийдэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр алхам тутамдаа асуудалтай нүүр тулахгүй байв.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон өөр нэг гишүүн нь О.Саранчулуун. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудлыг бодлогын түвшинд хүргэж ажиллана гэсэн том амбицтай орж ирсэн гэдэг. “Хэдийгээр ганц, хоёр хүн парламентад ороод энэ бүх асуудлыг шийдэхгүй ч эхлэлийг нь зөв тавьчих юм сан” гэж тэрбээр ярьсан байдаг. Өмнөхөө бодвол шийдвэр гаргах түвшинд хоёрын хоёр төлөөлөл орж ирсэн нь чамлахааргүй амжилт. Гэвч тэдний хүч хүрэхгүй байна уу, эсвэл ордны цонхоор амьдрал сайхан харагдаад, иргэдээ мартаж орхив уу.
УИХ-ын гишүүнээр ажилласан нэг жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд юу хийсэн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас тодруулсан юм. Тэрбээр “Төрийн ордон дахь хүртээмжийн асуудлыг хэд хэд ангилж болно. Дэд бүтцийн буюу ордны гадна орж, гарах хаалга, автомашины зогсоол гээд хүртээмжгүй байдал их. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан авто зогсоол дөрөв байсныг нэгээр нэмүүллээ. Анх удаа 126 гишүүнээс бүрдсэн парламентад хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн орж ирж, чуулганы хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг байнга хөндсөн. Ингэснээр бусад гишүүний ойлголт, мэдээллийн хүртээмж сайжир¬сан гэж дүгнэж байгаа. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн Ж.Баясгалан гишүүн бид хоёр ярина гэсэн үг биш. Бүх гишүүн ярьж, бэрхшээлийн талаар зөв ойлголттой байх ёстой. Энэ үүднээс УИХ-д лобби бүлэг байгуулсан. УИХ-ын 34 гишүүн нэгдэж, гарын үсэг зурсан. Төрийн ордны орчин нөхцөл, мэдээ мэдээллийг хүртээмжтэй байлгах үүднээс ажиллаж байна. Тухайлбал, Парламент.мн цахим хуудсаар дамжуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан войс буюу сонсдог тойм бэлдэж байгаа. Боловсролын зээлийн сангаас эхлээд бидний хамтарч ажилласан байгууллагууд вэб сайтаа хүртээмжтэй болгоход анхаарч байна” гэв. Мөн тэрбээр орон нутагт наадмыг хүртээмжтэй хийх зөвлөмжийг Засаг дарга нарт хүргүүлсэн талаараа дурдсан. Өөрөөр хэлбэл, 13 ажил, 32 шалгуур үзүүлэлт бүхий гарын авлага тарааж, зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Үүний хүрээнд аймаг, сумын наадам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай асар бэлдсэн зэрэг сайн үр дүн гарчээ. Түүнчлэн төсвийн захирагч нарт албан бичиг хүргүүлж, ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөгжүүлэх, хүртээмжтэй холбоотой ямар зардал тусгасан, юу хийх гэж байгаа талаар нь “ам асуух” уулзалтыг энэ сарын 14-нд хийх юм гэнэ.
ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН ТҮРЖ “ЖҮЖИГЛЭХ” БУС, ЭЭЛТЭЙ ЗАМТАЙ БОЛМООР БАЙНА
Яам, тамгын газрын сайд, дарга нарыг ингэж шаардаж, шахахгүй бол гал унтраах төдийгөөр ажиллаж буйг УИХ-ын гишүүн О.Саранчулуун шүүмжилнэ лээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр түрээ барьж, сайн хүний дүр эсгэдэг нь ч олон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш хүртээмжтэй байдлыг хангаж, энгийн сургууль, цэцэрлэгт сургаж буй гэдэг ч нидэр дээрээ нэрнээс цаашгүй. Тэдэнд тохир¬сон орчин нөхцөл, багш, ажиллах хүчнийг бэлдээгүй байж Боловсролын сайдаасаа эхлээд зүгээр л попордог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэт өнгөц, ерөнхий, харагдах байдлаар нь дүгнэдэг болохоос амьдралын чанарыг нь дээшлүүлэх, орлоготой байлгахад дорвитой ажил, өөрчлөлт хийлгүй өдий хүрсэн. Тухайлбал, 16 яамны хэд нь тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замтай вэ. Байгаа хэд нь стандарт шаардлага хангаж байна уу, гээд үзэхэд л “бүдэрнэ”. Эрүүл мэндийн яам нь хүртэл саяхан л гаднах налуу замаа шинэчилж сайжруулсан гэх. Төрийн байгууллагуудын ихэнх нь 1960, 1970 онд барьсан, хуучин барилга учир налуу зам байхгүй гэх улиг болсон тайлбараар хэдий болтол ам хаах вэ. Хийх хүнд арга нь олдоно гэдэг. Зүгээр “мөрөөрөө” байгаа замуудыг хуулж, иргэдийг залхаан цээрлүүлж байхын оронд эвдэрсэн зам, талбайгаа засаж, тэргэнцэртэй хүн саадгүйгээр зорчих боломжтой болгоод өгвөл илүү хэрэгтэй сэн.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн О.Саранчулууныг тэргэнцэр дээр түрж явж, “жүжиг” тавьсан. Замын энхэл донхлоос эхлээд автобусанд суухад хүртэл ямар асуудалтай учирч буйг Улаанбаатар хотын захирагч нүдээрээ харж, мэдэрсэн гэсэн үг. Гэтэл яав, өнөөдөр нийслэлд ид өрнөж буй зам засварын ажлаар жишээ татахад л харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний зам нь стандартын бус байх юм. Олон улсын стандартаар харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан зам нь шар өнгөтэй, товгор хээтэй байх ёстой. Сул хараатай хүн ч түүгээр явах тул тод өнгө сонгодог аж. Гэтэл бусад хүмүүсийн алхах хэсгээс ялгарахгүй адилхан өнгөтэй, зүгээр л нүд хуурсан зам тавьж байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрынхнаас тодруулсан ч нэг нэгэн рүүгээ бухаж, хариулах хүн олд¬сонгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хэдий болтол тэдэнгүй шийдэж, өмнөөс нь “амьдрах” вэ. УИХ-д төлөөлж суугаа эрхэм хоёр гишүүн ажиллаж буй байгууллагаасаа эхлээд хүртээмжтэй болгоход анхаарах хэрэгтэй байна. Ингэж суусаар эрх мэдлээ хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаа нь дуусах вий. Дэлхийн олон улсад Төрийн ордных нь орчин нөхцөл ялгаатай хэрэгцээтэй хүмүүст хүртээмжтэй, ээлтэй байдаг. Тухайлбал, АНУ-ын Цагаан ордон болон Конгрессын байрны зочны хэсэгт тэргэнцрийн зам, өргөн хаалга, цахилгаан шат, харааны болон сонсголын туслах төхөөрөмжүүд байрлуулдаг аж. Төрийн бүх барилга, байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг хуульдаа заасан гэнэ. Мөн Канадын парламентын ордонд налуу зам, автомат хаалга, өргөн хонгил, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуу дамжуулагч төхөөрөмжтэй аж. Бүх албан ёсны үйл ажиллагаанд дохионы хэлний орчуулагч ажилладаг юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ.