Хичээлийн шинэ жил болохоос урьтаж их, дээд сургуулиудын хэн нь олон оюутан элсүүлэх вэ гэдэг “марафон” эхлэв. Бараг бүх сургууль телевиз болон цахим орчинд тэтгэлэг зарлаж, баталгаатай ажлын байранд зуучилна, гадаадад сургана гэх мэт өрнүүн уриатай зар сурталчилгаагаар “бөмбөгдөх” болжээ. Гэвч зарим сурталчилгааны цаана элсэгчид болон гэр бүлийнх нь хэт итгэмтгий байдалд дөрөөлсөн хуурамч маркетингаар түрээ барих сургууль ч нэмэгдсэн гэнэ.
Төгсөөд шууд ажилтай болно гэх амлалтыг бараг бүх сургууль өгдөг. Нэгэн хувийн их сургууль цахим хуудсандаа “Төгсөгчдийн 90 хувь нь зургаан сарын дотор ажлын байранд ордог” гэж онцолжээ. Гэтэл ажлын байр гэх ангилалд түр хугацааны дадлага болон гэрээт ажлыг ч оролцуулан тооцсон байв. Үүнээс гадна судалгаанд оролцсон хүмүүсийн тоо сургуулийн нийт төгсөгчдийн дөнгөж 10 хүрэхгүй хувийг эзлэх аж.
МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш “Оюутнууд төгсөөд шууд өндөр цалинтай ажилд орно гэсэн итгэлтэй байдаг. Гэвч хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөн, мэргэжлийн эрэлт, нийлүүлэлтийн бодит байдлыг мэдэхгүй элсдэг нь харамсалтай” гэв. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн төрх. Ямар мэргэжил эзэмших, цаашид хэрхэн амьдрах талаар төсөөлөл ч үгүй залуус сургуульгүй хоцорчих вий гэсэн айдсаасаа болоод нэрийг нь олон удаа сонссон сургуульдаа элсчихдэг тохиолдол ч байдаг гэнэ.

СТАТИСТИКИЙН “ИД ШИД”-ИЙГ АШИГЛАГСАД
Сургууль бүр өөрсдийгөө шилдэг гэдгийг батлахын тулд олон төрлийн статистик мэдээллийг нүд эрээлжилтэл дэлгэдэг. Жишээлбэл, “Манай төгсөгчдийн дундаж цалин төдөн сая төгрөг”, “Төгсөөд л шууд ажилд орчихдог” гэх мэт бодит судалгаагүй хэдхэн үгээр л элсэгчид болон гэр бүлийнхнийх нь толгойг эргүүлж, молиго өмхүүлэхээр оролддог жишиг манайд хэдийн тогтсон. Зарим тохиолдолд зөвхөн амжилттай төгсөгчдийн цалингийн дүнг нийтийн дундаж үзүүлэлт мэтээр гаргах, эсвэл хэдэн жилийн өмнөх судалгааг шинэ юм шиг танилцуулах нь тэдний урдаа барьдаг арга заль. Бас тэтгэлэг нэртэй маркетингаар залуусыг “урхидах” нь элбэг. Ялангуяа нэр бүхий хувийн сургуулиудад тэтгэлгээр оюутан татах маркетингийг цөөнгүй ашигладаг. Орон нутгийн замд хүртэл үг, үсгийн алдаатай томоо гэгч нь самбар байршуулж энэхүү хөтөлбөрөө сурталчлах нь бий. Ингээд бодит байдалд оюутны тоо бүрдсэн, цуглуулсан материал хангалтгүй зэрэг шалтгаанаар тэтгэлэг олгодоггүй гэнэ.
Мөн “Хүн бүрд боломж” уриан дор элсэлтийн шалгалтын оноог төдийлөн чухалчилдаггүй сургуулиуд ч байна. Улсдаа тэргүүлэх МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, СЭЗИС л биш бол хүүхдүүд элсэлтийн шалгалтын босгоо даваагүй байсан ч хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой. Бас урлаг, спортын идэвхийг нь өндрөөр үнэлж, нийт хичээлийнхээ гуравны нэгт суугаагүй байхад дүнг нь өргөж тавьдаг сургууль ч бий. Угтаа их, дээд сургуулийнхны хамгийн гол үүрэг бол ирээдүйн мэргэжлийн боловсон хүчнийг чанартай бэлтгэх. Гэвч бодит байдалд арай гэж элсүүлсэн хэдэн оюутнаа дундаас нь алдчихалгүй торгоох нь л тэдний эн тэргүүний зорилго болоод байна. Тэдгээр сургуулийн удирдлагуудад сургалтын чанартаа анхаарах бус, ирээдүйн “дипломын гол”-уудыг үйлдвэрлэж, оюутан, төгсөгчийнхөө тоог тэлэх нь л чухал.
Оюутан ахиу элсүүлэхийн тулд зарим сургууль ямар заль мэх ашигладаг талаар МУИСийн нэгэн багш цахим хуудсандаа ийнхүү бичжээ. Тэрбээр “Сургуулиуд элсэлтийн хяналтын тооноосоо давсан эрхийн бичиг тараах нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Ингээд хүүхэд тухайн мэргэжлээр сурах гэхэд элсэлт дүүрсэн гээд халгаадаггүй. Мөн гадаадын их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрт элсүүлнэ гэж нэг жилийнх нь төлбөрийг авна. Харин дараа нь “Уучлаарай энэ хөтөлбөрийн анги дүүргэлт хүрэхгүй байгаа учраас өөр мэргэжил сонго” гэх юм. Хэрэв анхнаасаа “2+2” хөтөлбөртөө элсэлт авна гэж хэлээгүй бол тухайн хүүхэд өөр сургууль сонгох боломжтой байсан. Улмаар мөнгөө төлчихсөн хүүхэд хүсээгүй ангидаа өөр чиглэлээр суралцахаас өөр аргагүйд хүрч байна” гэв.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ, ЭРЭЛТИЙГ ТООЦОХГҮЙГЭЭР МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭЖ БАЙНА
Манай улсын боловсролын салбар өдгөө чанартай, ур чадвартай, бодит эрэлт, хэрэгцээг хангахуйц мэргэжилтнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Улсын хэмжээнд их, дээд сургуулиуд жил бүр 30 мянгаас дээш оюутан төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж буй гэх судалгаа бий. Гэтэл олон салбарт ажиллах хүч дутагдалтай хэвээр байна. Тэгвэл ажиллах хүчний хомсдолыг боловсролын салбарын судлаачид их, дээд сургуулиудын бодлого, сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдахгүй байгаагаас үүдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн төлөв, эрэлтийг төдийлөн анхаардаггүй, судалгаа, тооцоогүйгээр мэргэжилтэн бэлтгэж байгаа юм.
Монголд нийт 65 их, дээд сургууль, коллеж 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 34 нь их, 29 нь дээд сургууль, хоёр нь коллеж аж. Нийт их, дээд сургууль, коллежийн 17 нь төрийн, 45 нь хувийн, гурав нь олон нийтийн, шашны өмчийн сургалтын байгууллага гэнэ. Эдгээрт өнөө жил нийт 150 282 хүн суралцаж байгаагаас 81 571 нь төрийн, 60 111 нь хувийн, 8600 нь олон нийтийн, шашны өмчийн сургуулийнх аж. Элсэлтийн шалгалтын босго оноо сургууль бүрд харилцан адилгүй. Жишээ нь, МУИС 480-600, МУБИС 420-480, харин СЭЗИС-ийн босго оноо хамгийн өндөр буюу 500-650 гэнэ.

НЭГДСЭН СИСТЕМГҮЙ УЧРААС ХЭДЭН Ч СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЖ БОЛНО
Сургууль болгон өөрсдийн гаргасан системээр хуваарь сонгуулдаг. Улсын их сургуульд олон хүүхэд бүртгүүлдэг тул удаан хүлээдэг. Тиймээс хүүхдүүд яарсандаа ямар нэг хувийн сургууль давхар сонгочихдог. Тэгтэл нөгөө сургууль нь “Та одоо өөр сургуулийн хуваарь авах боломжгүй” гэх. Сургуулиудын систем хоорондоо мэдээлэл солилцдоггүй учраас сайн хүүхэд хэдэн ч сургуулийн хуваарь авах боломжтой. Ингээд эрэмбэ дарааллаараа хамгийн сайнаас нь эхлээд чихэнд хоногшсон нэртэй хувийн сургууль хүртэл бүртгүүлдэг аж. Хүссэн сургуульдаа элстэлээ хүлээх энэхэн хооронд л зарим сургуулийнхан элсэгч татах гол заль, мэхээ уралдуулдаг байна. Тухайлбал, “Мандах” их сургуулийнхан өнөө жил бүртгүүлсэн нэгэн сурагч руу “Та манай Нягтлан бодох бүртгэлийн ангид тэнцсэн байна. Регистрийн дугаараа өгнө үү” гээд хувийн мэдээллийг нь авч. Гэтэл тухайн хүүхэд хоёр хоногийн дараа хүссэн сургуульдаа тэнцэж, бүртгэлээ баталгаажуулах гэхэд “Хэдийн өөр сургуульд элссэн байна” гэх хариу иржээ. Энэ бол зарим их, дээд сургуулийн “төгсөрсөн” заль мэх. Олон элсэгчтэй л болж байвал тухайн хүүхдийн эрх ашиг, хүсэл сонирхол тэдэнд огтхон ч хамаагүйн тод жишээ юм.
Иймд Дээд боловсролын газрынхнаас их, дээд сургуулийн бүртгэлийн талаар лавлахад “Монголд бүх сургуулийг нэгтгэсэн систем одоогоор байхгүй. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 65 сургуулийн босго оноонд хүрсэн бол бүгдэд нь бүртгүүлэх эрх нээлттэй. Сургуульд бүртгүүлсэн хүүхдүүдийн сургалтын амжилт, дүнг нь харгалзан үзэж эрэмбэлдэг. Ингэхдээ баталгаажуулах хугацааг нь сургууль бүрд өөрөөр тавьдаг” гэсэн юм.
Их, дээд сургууль бол мэдлэг түгээх үүрэгтэйгээс гадна бизнесийн байгууллага гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бизнесийн эрх ашиг, орлогыг боловсролын чанараас дээгүүрт тавьж, хүний ирээдүйг золиосолж боломгүй. Дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу үеийнхний итгэл найдварт дөрөөлөн хөлжих бус, чанартай мэдлэг түгээж, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Мөн элсэгчид төдийгүй тэдний эцэг, эхчүүд ч бодит мэдээлэл, үнэн зөв үнэлгээнд үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй байна.
У.Цэцэгсүрэн