Миний эх орон баяр цэнгэл наадмын орон билээ. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн баяр наадам хүрээ хавиар Хөлийн голоор хөл ихтэй болж, Хүй мандлын дэвжээнд Монголын морин спорт, уяачдын холбооны 30 жилд зориулсан “Их хурд” зохиогдож байхтай зэрэгцэн Завхан аймгийн Сонгино сумд “Аймгийн заан цолны мялаалга” хүндэтгэлийн арга хэмжээ хүртэл зохион байгуулагдах жишээтэй. Өнөө жилийн Багануур дүүргийн наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн тус аймгийн Сонгино сумын харьяат аймгийн начин Б.Ганзолбоо хэмээх залуу нутагтаа гурван насны морь уралдуулж, бөх барилдуулж, сур, шагайн харваатай баяр наадам хийж аархжээ. Аймгийн заан болоод л ингэж байгаа юм чинь улсын цолд хүрвэл хэрхэн “галзуурахыг” таахад бэрхтэй еэ.
Монгол түмнийг нэгтгэдэг Үндэсний их баяр наадмынхаа утга учрыг алдагдуулж, холбооны улс шиг дүүргүүд нь хүртэл тусдаа наадам тэмдэглэн талцдаг, болоо ч үгүй түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүд, уяачид, харваачдад гурван жилийн өмнөөс аймгийн цол олгодог болсон. Энүүхэн 40 км-ийн цаадтайх Налайхаас эхлээд Багануур, Багахангай дүүргийн наадамд аймгийн цол олгох гажиг буруу жишгийг түгээн дэлгэрүүлсний уршгаар цол горилсон “жулдрай”-нуудыг тунаанаас гаргах, дээш өгсөн барилдуулах булхай, лобби энэ хавиар хамгийн их өрнөдгийг Налайхын наадамд энэ жил улсын цолтой 40 бөх зодоглосон явдлаас харж болно. “Чөмөггүй байж туг ширээ бөхтэй” гэдэг шиг дүүргүүд баяр наадам тэмдэглэнэ гэж элийрч, төсөв мөнгөө үргүй зарлагадаж байхын оронд өвөлдөө бэлдмээр сэн.
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилдаг намрын сар хэдийн айлсаж, өвлийн бэлтгэл хангах их ажлын үе юу юугүй тулж ирхчээд байхад монгол түмний хөлгүй баяр цэнгэл, найр наадам хаа сайгүй үргэлжилсээр байна. Төрийн тэргүүн жил жилийн наадмын дараа “Наадмын маргааш намар шүү” гэж ёс төдий хэлж сануулдаг ч энэ нь монголчуудын урин дулаан цагаар ханатал баярлаж наадахын тулд гар, сэтгэл татдаггүй задгай, өвөрмөц сэтгэхүйд үнэндээ наалддаггүй. Харин одоогоос 10 жилийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг, сумд наймдугаар сарын 1-нээс хойш ямар ч баяр, наадам тэмдэглэхгүй байх захирамж гарган, орон нутаг бүрд ягштал хэрэгжүүлж байв. Тэгвэл маргааш өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатарын нутаг буюу Баянхонгорын Дуурсахын хөндийд улсын арслан Э.Батмагнай болон манлай уяач И.Золбоо, гарамгай мэргэн Б.Батмөнх нарт зориулсан “Алдартнуудын мялаалга” наадам нижгэр болох тов бий. Түрүү бөхөд 15 сая, үзүүрлэвэл 10 сая төгрөг гэхчлэн чамгүй бай мөрийтэй ч юм билээ.
Ажил, амьдралаа хойш тавих шахам хөл алдан баярлаж, тэмдэглэдэг энэ олон ойн арга хэмжээ, баяр наадмаас хамгийн их хождог нь бөхчүүд. Татвар төлөгчдийн өөрсдөөсөө илүүчилсэн хандивын мөнгө бөхчүүдийг том жийпээр байлахад зориулагддаг нь хамгийн хоржоонтой. Ерөөс ой тэмдэглэнэ гэхээр манайхан заавал бөх барилдуулж, морь уралдуулж байж санаа нь амардаг “уламжлалтай”. Баянгол дүүргийнхэн 60 жилийн ойгоороо баянзүрхчүүд шиг баяр наадам арай ч хийсэнгүй, гэвч мөдхөн заалны барилдаан зохиохыг үгүйсгэхгүй. Сүхбаатар дүүрэг 60 жилийн ойдоо зориулж марк хэвлүүлсэн байна. Тэгж байгаад Бөхийн өргөөнд мөн л ямар нэгэн барилдаан зохион байгуулахгүй бол “номонд хазгай” гэж үзэх магадлал их. Ойгоороо бөх барилдуулаагүй гээд аймаг, нийслэл, дүүргийн хөгжил саарч, хийморь сүлд нь доройтчих юм шиг л хийрхэхийн хэрэг юу сан билээ.
Л.Аргамжин