Манай төр засаг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах компанийг сонгон шалгаруулах, тэдний хийсэн судалгаа, тооцооллыг “алх цохиж” батлах нөр их ажлын доороос толгой өндийх сөхөөгүй байна. 2010 оноос өмнө бол Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүд, агентлагийн дарга нартайгаа томоохон төсөл, хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулах ажлыг гардан хийх гэж зүдэрдэг, бичиг цаасны ажилд “умбан шумбан” оролцдог байж. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан төдийгүй эдийн засагч, судлаачдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж ирсэн бөгөөд эцэстээ даахгүй нохой булуу хураахын үлгэрээр төр мэдэхгүй, чадахгүйн үнэнд гүйцэгдээд ирмэгц арга буюу оролцоогоо хязгаарлажээ.
Тодруулбал, Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлж асан 2012-2014 онд яг одоогийнх шиг хөгжлийн, бүтээн байгуулалтын гэх 20 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг нэгэн зэрэг гараанаас “хөдөлгөх” асуудал нухацтай яригдаж эхэлж. Зэс хайлуулах, газрын тос боловсруулах, хар металлургийн цогцолбор, коксын үйлдвэр байгуулах, “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5” зэрэг томоохон төслийн ТЭЗҮ-ийг богино хугацаанд боловсруулж, УИХ-д танилцуулах шахалтад орсон Засгийн газар нуруун дээрх ачаагаа хөнгөлөх, бүтээн байгуулалтын суурь судалгааны ажлыг мэддэг, чаддаг хүмүүст даатгах шийдвэрийг тухайн үедээ гаргасан нь “Зам, дэд бүтэц, барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг цаг хугацаа шаардсан мега төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, гэрээ, хэлэлцээр байгуу лахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын жишгээр бизнесийн, мэргэжлийн байгууллагад даатгах” гэсэн агуулгатай тогтоол баталсан явдал байжээ. Ингэснээр засаг ТЭЗҮ боловсруулах ажилд гүйцэтгэгчийн бус, захиалагчийн байр сууриас оролцож, салбарын яам, харьяа агентлагаараа дамжуулан шаардлагатай төсөв санхүүжилтийг нь шийдвэрлэх, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлах, төсөл хэрэгжүүлэх явцад хяналт тавьж ажиллах нөхцөл бүрдсэн аж. Үндсэндээ ТЭЗҮ боловсруулах компанийг сонгох, тэдний хийсэн ажлыг баталгаажуулах хоёр гол эрх мэдлийг төр өөртөө “авч үлдсэн” гэсэн үг. Энэ нь аливаа төсөл, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэл бүхий тооцоо, судалгаа, нийгэм, эдийн засгийн хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлэх суурь зарчимд нийцсэн оновчтой шийдэл байсан ч ТЭЗҮ боловсруулахаас батлах хүртэлх шат дамжлага дахь ашиг сонирхлын, эрх мэдлийн нөлөөллийг хязгаарлах, хатуу хяналт тавихад дорвитой хөшүүрэг болж чадалгүй өдий хүрчээ. Үүний үр дүнд Засгийн газар өөртөө зориулж ТЭЗҮ үйлдвэрлэгч “машин” болж хувирчхаад байна.
МОНГОЛЫН ХӨРСӨНД ИДЭЭШЭЭГҮЙ ЖИШИГ
Энгийн бөгөөд товчхоноор хэлбэл, ТЭЗҮ гэдэг нь аливаа төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, техникийн болон эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг нь үнэлэн, суурь судалгаа, тооцоо хийсэн баримт бичгийг хэлдэг. Олон улсад үүнийг feasibility study (FS) буюу хэрэгжих боломжийн судалгаа гэж тодорхойлдог юм билээ. Хэрэгжих боломжийн судалгааг хэр нарийвчлалтай, үндэслэлтэй, үнэн зөв хийснээс төсөл амжилттай болох, эсэх нь 100 хувь шалтгаалдаг тул энэ ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаас эхлээд батлах хүртэлх бүх үе шатанд захиалагч, хөрөнгө оруулагч, хөндлөнгийн мэргэжилтнүүд онцгой хяналт тавьдаг жишиг олон улсад байна. Харин манайд бол төслийн бодит үр нөлөө, нийгмийн хэрэгцээ шаардлагаас илүү захиалагчийн эрх ашиг, хүсэл сонирхлыг чухалчилдаг нь гол алдаа гэнэ.
“FS consulting” зөвлөх үйлчилгээний компанийн инженер Н.Далайхишиг “Монголд ТЭЗҮ боловсруулахад гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь захиалгат дүгнэлт үйлдэх” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, захиалагч өөрийнхөө таалалд нийцсэн “хөгжим” зохиолгохоор төлбөр төлдөг, гүйцэтгэгч түүнийх нь дагуу “ноот” бичиж өгдөг явдал элбэг гэнэ. Энэ тохиолдолд зохиогч чөлөөтэй сэтгэж, өөрийн хүслээр ажиллаж чадахгүй, баригдмал хэв загварын бүтээл туурвих нь тодорхой. Төслийн хувьд хөрвүүлээд харвал энэ нь бодит эрсдэлүүдийг орхигдуулах, өртөг зардлыг дутуу тооцох, цаг хугацаанд баригдан хангалтгүй судалгаа хийх, нөлөөллийн үнэлгээг “гоёчлон” харагдуулахад хүргэдэг байна. Үүний үр дүнд олон улсын жишиг аргачлалтай уялдаагүй, хөнгөн, захиалгат, хэт өөдрөг төсөөлөл бүхий ТЭЗҮ үй олноор “мэндэлдэг” аж.
ТОГТОЛЦООГ ЭВДЭГЧ НЬ ТӨР ӨӨРӨӨ
Хуумгай тооцоолол бүхий ТЭЗҮ “үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэхэд төр онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг ганцхан жишээгээр тодотгоё. Үе үеийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан төсөл, арга хэмжээг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх гэж, наанадаж ажлыг нь амжиж эхлүүлэхийн төлөө зүтгэдэг нь уламжлал болсон үзэгдэл. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын, стратегийн ач холбогдолтой гэх томоохон төслүүд үүний дунд жин дардаг. Энэ зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд зураг төсөлгүй, ТЭЗҮ-гүй төсөл, хөтөлбөрийг бөөн бөөнөөр нь төсөвт суулгаж, эдийн засагт дарамт учруулсаар ирсэн.
Зүй ёсоор бол төслийн ТЭЗҮ, зураг төслийг эцэслэн боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой, шаардлагатай, эсэхийг тодорхой болгосны дараа хугацаа товлох учиртай юм. Олон улсад ч ийм жишиг үйлчилдэг юм билээ. Гэтэл манай улс эл тогтолцоог сөрж ирсэн. Энэ нь цаг хугацаанд баригдан хуумгай ТЭЗҮ боловсруулах, төсвийн жилд багтаан хуваарилсан санхүүжилтийг зарцуулах, ажлыг нь яаруу сандруу эхлүүлэх, үр ашиггүй зардал гаргах, хэтдээ төслийн үйл явц сунжрах суурь шалтгаан болсоор ирсэн юм. Жишээлбэл, 2010-аад оны үеэс ярьсаар 2021 онд Дорноговь аймгийн Сайншанд сумд ажлыг нь эхлүүлсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-гүй баталсан байж болзошгүй нөхцөл үүсээд буй. Санхүүжүүлэгч болохБНЭУ-ын инженер, мэргэжилтнүүдийг оролцуулан суурь судалгаа, тооцоо хийлгэж, баталсан гэх тайлбарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн ч ТЭЗҮ-ийнх нь эх хувилбар олдохгүй, парламентын гишүүд ч эрж сураад барааг нь харж чадахгүй байгаа гэх. Энэ мэтчилэн дурдвал ТЭЗҮ-ээс болж бүтэлгүйтсэн, хугацаа алдсан, “хар данс”-нд орсон төсөл, хөтөлбөр Монголд цөөнгүй.
Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх, Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх буудал байгуулах, Багануурын нүүрсний уурхайн өргөтгөлийн барилга барих, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн, “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ын гээд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн болон олон жилийн турш яригдаж буй төслүүд бүгд л ТЭЗҮ-ээс үүдэлтэй ямар нэгэн саадтай учирчээ.
АЛДААГАА ДАВТАХ УУ, ЗАСААД УРАГШЛАХ УУ
Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системийг нухацтайгаар шүүж үзвэл ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани сонгон шалгаруулахтай холбоотой, тэрбум тэрбумын төсөвтэй тендерийг төрийн байгууллагууд өдөр бүр шахам зарлаж байна. Газрыг нь бүрэн чөлөөлөөгүй, инженерийн дэд бүтцийг нь ч байгуулаагүй шинэ хотууддаа авто болон төмөр зам тавихаар төсвийн мөнгөөр урьдчилсан ТЭЗҮ боловсруулуулах болж. Улаанбаатар хотод LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг гэхэд 26, Эгийн голын УЦС-ын зөвхөн туслах далангийн ТЭЗҮ-ийг найман тэрбум төгрөгөөр хийлгэхээр сонгон шалгаруулалт зарласан байх жишээтэй. Ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй дүр зураг төрийн мэдээллийн системээс харагдаж байна. Гэтэл ТЭЗҮ боловсруулах, батлахтай холбоотой хяналт, хариуцлагын тогтолцоо гажуудалтай хэвээр.
Хэдийгээр Засгийн газар “Томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, заримыг нь хойшлуулна” гэсэн байр суурь илэрхийлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нь “Ирэх оноос эхлээд ТЭЗҮ-гүй, зураг төсөлгүй төслүүдийг төсөвт суулгахгүй” хэмээн эрс шулуун мэдэгдээд буй ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын автортой 14, Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 24 мега төслийн суурь судалгаа, бэлтгэл шатны ажил тал талд ил, далд өрнөж, төсвийн мөнгө ч тэрбум тэрбумаар урсаж байна.
Засгийн газар үнэхээр төлөвлөлт, гүйцэтгэлд суурилсан төсөв боловсруулан баталж, хэмнэлтийг төрөөс эхлүүлэхийг зорьж буй бол ТЭЗҮ тойрсон асуудлыг цэгцлэхээс ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, олон нийтэд “амалсанчлан” ТЭЗҮ, зураг төслийг нь батлаагүй, мөрөөдөл төдий төсөл, хөтөлбөрүүдийг тэрбум тэрбумаар тэтгэхээ зогсоох ёстой. Хоёрдугаарт, төслийн судалгаа, тооцоолол боловсруулах үйл явц дахь “гаднын” нөлөөллийг хязгаарлахад санаа тавих шаардлагатай. Гуравдугаарт, ТЭЗҮ боловсруулах компанийг сонгон шалгаруулах тендерийг ил тод зохион байгуулж, үр дүнг нь олон нийтэд тайлагнах хууль, журмыг хэрэгжүүлэхэд анхаараххэрэгтэй. Алдаагаа давтсаар байх уу, асуудлаа шийдээд урагшлах уу гэдэг сонголт бидний өмнө байна.
Н.Мишээл