Нэрт жүжигчин Дензел Вашингтон гол дүрийг нь бүтээсэн “Элигийн судар” (The book of Eli) хэмээх кино байдгийг уншигчид андахгүй биз. Дайн дажин, экологийн сүйрлийн улмаас эх дэлхийд маань аюул гамшиг нүүрлэж, аль хэдийн цогцолсон соёл иргэншлийг устган үгүй болгож, хүн төрөлхтөн нэгнээ өчүүхэн ч эргэлзээ тээнэгэлзэлгүй хөнөөж, дусал цэвэр усны төлөө амь хайргүй тэмцэн, хэдэн 10 сая ам.долларын үнэтэй бугуйн цагаа мулталж өгөөд ч давуу эрх эдэлж ахиухныг авах боломжгүй, ер амьдралын үнэнд гүйцэгдсэн шимширмээр ертөнцийн тухай тэнд гардаг даа. Үүнтэй агаар нэгэн аюул занал нүүдэлчин монголчуудыг отож байгааг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер анхааруулж, “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” хэмээх илтгэлээрээ анх МУИС-ийн тэнхимд “бөмбөг тэсэлсэн” удаатай.
Монгол Улс 30-50 жилийн дараа оршин байх уу?! Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйл ажиллагааг хурдацтай алдагдуулж байна. Малын тоо толгойгоо 25 саяд багтаан барих, тэр дундаа ямааг таван саяас хэтрүүлэхгүй байх ёстой. Мөн байгалийн баялгийн хэт замбараагүй хайгуул, ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа Монгол орон Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул бодитоор нүүрлээд байна. 2030 оноос өмнө оновчтой, дорвитой арга хэмжээ авахгүй бол цаашид ямар ч боломжгүй болно. Монголын ирээдүй ийм бүрхэг, аюулын түвшинд байгаа шүү дээ. Хэдүүлээ чимээгүй л байх уу? Герман эрдэмтэн эл асуултаа өнгөрсөн хоёр жилийн турш их сургуулийн танхимаас УИХ-ын гишүүд, сайд дарга нарын түвшинд хүртэл тавьж, араас нь сануулсаар ирж. Байгаль хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавилгүйгээр “Алсын хараа-2050” зорилтод хүрэх боломжгүйг анхааруулсан түүний үгийг нухацтай хүлээж авч, бодлого боловсруулах учиртай салбарын яам нь гэвч хоёрхон жилийн дотор гурван ч сайдын нүүр үзээтэхэв.
Энэ хооронд Торстен Хардер докторыг Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол орны бэлчээрийн талхагдлыг зайнаас тандан судлах, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэн байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байгаа юм. Экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний нөлөөллийг дагнан судалдаг, салбарынхаа олон улсын томоохон шагналуудыг “хамсан” дэлхийн хэмжээний эрдэмтэнд манай Засгийн газрын нэг шагналаас илүү гүйцэтгэх засаглалын шийдтэй бодлого, бодитой үйлдэл, тодорхой ажил хэрэг хамгаас чухал байж таарна. Үүнийгээ ч өөрөө илэрхийлнэ лээ.
Монгол Улс нөхөн сэргэдэггүй усаа хэрэглээд эхэлсэн нь маш буруу шийдвэр гэдгийг холбогдох байгууллагынханд тэр хэлээд хариуд нь “Гадаргын усаар тэжээгддэг усны эх үүсвэр бид олсон” гэх арга ядсан маанаг тайлбар сонсоод гайхшаа барсан гэдэг. Тэгээд Арал тэнгисийн жишээгээр тайлбарлаж өгсөн байгаа юм. Арал тэнгисийг тэжээдэг Аму-Дарья мөрний усыг хөвөнгийн тариаланд ашигласнаас болж ширгэсэн гашуун түүх бэлээхэн байна. Арал тэнгис 1977 онд 1000 шоо км устай байсан бол 2014 онд ердөө 75 шоо км болж, судлаачдын тооцсоноос илүү хурдан ширгэжээ. Харин Торстен Хардерынхаар бол Монгол Улс Арал тэнгистэй харьцуулшгүй том сүйрэл рүүгээ маш хурдацтай явж байгаа тул яаравчлах хэрэгтэй, өнөөгийн экосистемийг аврахад өдөр бүр үнэ цэнтэй гэсэн юм.
МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬД ХӨРС ҮҮСЭХ ПРОЦЕСС ЗОГСЖЭЭ
Монгол орны хөрс сул, сийрэг гэгддэг. Жил ирэх тусам ургамлын бүтцэд өөрчлөлт орсноор хөрс улам суларч, өнөөдөр нийт газар нутгийн 90 хувьд хөрс шинээр үүсэх процесс зогссон гэнэ. Гэтэл хөрсний амьд давхарга маш олон мянган жилийн туршид бүрэлддэг аж. Тиймээс хөрс унаган байдлаа алдвал дахин эргэж үүсдэггүй байна. “1940-1970 онд Монгол орны нэг ам метр газар тутамд 20 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо ердөө тав болж буурчээ. Гэхдээ энэ нь нэг наст хогийн ургамал. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэгддэг Их газрын чулуу орчимд би өдөржин явж зураг авахдаа нэг ч амьд ургамалтай таараагүй. Өөрөөр хэлбэл, Монголын байгаль өнөөдөр яг л эрчимт эмчилгээний тасгийн өвчтөн мэт байна. Үүнийг нэг удаагийн “өвчин намдаах эм”-ээр аргалаад, сэхээнээс гаргах боломжгүй. Монголчуудад одоохондоо байгалиа нөхөн сэргээх боломж байгаа ч маш богино хугацаа үлдсэн. 2030 он хүртэл ийм байдалтай явбал цаашид дахин хэзээ ч сэргээж чадахгүй. Улс төрийн шийдвэр гаргагчид үүнд анхаарч, иргэд, олон нийт хандлагаа өөрчлөх ёстой” хэмээн доктор Торстен Хардер сануулж байна.
“ГОВЬД МОД УРГУУЛНА ГЭДЭГ ШИЙДЛЭЭ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ”
Монгол орны ойн сан нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлдэг. Золоор манайд мөнх цэвдэг байгаагүй бол Монголын энэхүү ойн сан аль хэдийн устаж үгүй болох байжээ. Учир нь хур тунадас орохгүй байгаа үед ой модны хэрэгцээт ус чийгийг хэвээр нь хадгалдаг зүйл бол мөнх цэвдэг аж. Харин өдгөө дэлхийн дулаарлын үр дагавраас болж манай мөнх цэвдгийн 50 хувь нь сүүлийн 40 жилийн дотор гэсэж үгүй болжээ. Хаа сайгүй мөнх цэвдэг хайлж, багассанаар ой устах аюулд ороод буй. Тийм ч учраас “Бид Монголын ойт хээрийн бүсийн ой модны сүүлчийн үеийг харж байна” хэмээн герман эрдэмтнийг халаглахад хүргэж. Энэ хурдаар явсаар байвал 2040 он гэхэд Монгол Улсын нийт ойн сангийн 50 хувь устаж мэдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, монголчууд 2040 он гэхэд тэрбум гаруй модоо алдах эрсдэл бодитоор нүүрлэжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөн цаг үеэ олсон шийдэл мөн байж болох ч хэт туйлшруулж, нарийн тооцоо судалгаагүй “хоморголон” дайрвал бүр ч илүү бүтэлгүйтэх нигууртай юм байна.
Говьд мод ургуулах санаачилга, шийдлээ эргэн харах хэрэгтэй гэдгийг гадаад, дотоодын цөөнгүй эрдэмтэн судлаачид хэлдэг. Таримал ой гүний ус үүсгэдэггүй тул бидний хүрээлэн буй орчин, амьд ертөнцөд нэн хэрэгцээтэй, нөхөж баршгүй усны нөөцийг маань үүрд хэрэглэсээр байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ биологийн олон янз байдлыг хадгалж авч үлдэхэд төдий л нөлөө үзүүлэхгүй тул тоо гүйцээх гэж байгаа юм шиг хуурай бүс нутагт шинээр мод тарина гэж муйхарлан зүтгэхийн оронд одоо байгаа ой модоо арчлах, хамгаалах нь илүү чухал гээд сануулаад байна, номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүмүүс.
“МАЛ СҮРГИЙН ТОО ТОЛГОЙГ 25, ЯМААГ ТАВАН САЯД БАГТААХ ЁСТОЙ”
2022 онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 71.1 сая толгой мал тоолуулсан үзүүлэлтээрээ бахархаж, огшиж байв. Гэвч дараагийн хоёр жил нь байгаль дэлхий өөрөө шалгарал явуулж, чанаргүй олон мал сүргээс заазлахыг нь заазлан ангилж өгсөн. Ийнхүү 2024 оны эцэст улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдож, өмнөх жилээс долоон сая толгой буюу 10.9 хувиар буурсан билээ. Малын тоог төрлөөр нь авч үзвэл 22.9 сая ямаа тоолуулжээ. Энэ нь мөнөөх эрдэмтний анхааруулаад байгаачлан ямаан сүргийн тоо толгойг таван сая дотор “бариулах” ёстой гэдгээс даруй 4.5 дахин их дүн юм.
Улмаар экологийн тэнцвэрт байдлаа хадгалъя, хамгаалъя гэвэл нийт мал сүргийнхээ тоог 25 саяас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн. Тэгэхээр малаа дахиад ч хоёр дахин цөөлж, үүлдэрлэг байдалд нь анхаарч, чанартай, ашиг шим ихтэй болгох зайлшгүй шаардлага малчдын өмнө тулгараад байна. Хэдийгээр холоос харахад сайхан ногоон ургамал бүрхсэн тал хөндий байлаа ч малд хэрэгцээт шим тэжээлийг өгч чадахгүй болсон тул Монголын махны чанар мэдэгдэхүйц буурсныг хүртэл тогтоогоод гаргачхаж. Сүүлийн жилүүдийн айхтар зуднаар гашуун сургамж авсан малчид энэ тухай ойлгож эхэлсэн ч угийн шоучин улс төрчид, төр засаг нь “Шинэ хоршоо” гэх мэтчилэн “амьдралгүй” элдэв бусын хөдөлгөөн, санаачилга гаргаж тархийг нь нөгөө тийш эргүүлж орхив бололтой. Хэдэн сар, жилийн дараах сонгуулиа бодож ухвар мөчид шийдвэрийг ар араас нь ээлж дараалан гаргадаг улстөрийнхний балгаар “Элигийн судар” дээр гардаг шиг монголчууд мөдхөн бэлчээр, ус, хоол, амин зуулгынхаа төлөө хоорондоо алалцаад эхэлбэл хэнд ашигтай байх вэ. Ард иргэдэд лав биш.
Л.Аргамжин