
БНХАУ-ын Бээжин хотноо 2025 оны наймдугаар сарын 15–17-нд олон улсын “Robot Challenge 2025” амжилттай болж, өндөрлөлөө. Дэлхийн 42 орны 5000 гаруй тамирчид өрсөлдсөн олон улсын “Robot Challenge 2025” тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 6 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр өмнөх амжилтаа ахиулж 3 дугаар байранд шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас “Зохион бүтээгчдийн академи”, Ховд ЗБА, “Шинэ санаа, иннова”, “Монголын робот хөгжүүлэлтийн холбоо”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, 11 дүгээр сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургууль, “Орхон Эмпати” зэрэг сургуулиудын багш, сурагчдаас бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.
Монголын ирээдүйн инженерүүд оюун ухаан, ур чадвараа дэлхийн шилдгүүдтэй сорин, олон улсын тавцанд нэр хүндтэй амжилт үзүүлж байгаа нь манай улсын инженерчлэл, техник технологийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Монголын баг тамирчид 2018 оноос хойш энэ тэмцээнд тав дахь удаагаа оролцож байгаа гэнэ. Улмаар жилээс жилд амжилтаа ахиулсаар ирсэн. Энэхүү амжилт нь Монголын залуу инженерүүдийн авьяас, хөдөлмөр зүтгэлийн баталгаа бөгөөд цаашид ч роботын спорт, инженерчлэлийн салбарт дэлхийд тэргүүлэх ирээдүйтэйг харууллаа.