Дорнодчууд “Нутгийн ирээдүй” нэртэй сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох төслийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй юм байна. Үүний хүрээнд энэ хичээлийн жилд 12 сумаас сэтгэл судлал, биотехнологи, хөгжим, бүжиг, бага ангийн багш, хүний их эмч, экологи, байгаль хамгаалагч, эрх зүй, эх баригч, нягтлан бодох бүртгэл, тэжээл, бэлчээрийн технологи зэрэг мэргэжлээр 23 оюутанд тэтгэлэг олгожээ. Энэхүү төслийн гол зорилго нь оюутнуудыг төгсөөд тухайн сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах, боловсон хүчний нөөцийг тасалдуулахгүй байх явдал гэнэ. Уг зорилго нь ч эхнээсээ биеллээ олж, 2019-2024 онд 35 мэргэжлээр 204 оюутан тэтгэлэгт хамруулсны 78 нь төгсөж, орон нутагтаа ажиллаж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Тухайлбал, энэ оны байдлаар хүний их эмч 16, шүдний эмч зургаа, малын их эмч ес, агрономич хоёр, багш 37, газар зохион байгуулагч нэг, сувилагч хоёр, номын санч, цахилгааны инженер, хөргөлтийн инженер, байгаль хамгаалагч, лаборант тус тус нэг төгссөн байна. Сургалтын тэтгэлэг нь эцэг, эхчүүд болон оюутнуудад төлбөрийн дарамт үүсгэхгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарч, сурлагын чанараа дээшлүүлэх, амжилттай суралцан төгсөх нөхцөлийг бүрдүүлэхийн хажуугаар тогтвор суурьшилтай ажиллах төрийн албан хаагчдыг бэлтгэж буйгаараа онцлогтой гэнэ.
О.Бат