
Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчдэд хууль эрх зүйн мэдлэгийг тэлэх, дарамт шахалтаас ангид сэтгүүлчийн ажлаа хийх, эрхээ хэрхэн хамгаалах талаар сургалт оров. Сургалтыг зорин очих шалтгаан нь “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй - Кино үзвэр” байв. Кино нь сэтгүүлчийн эрх чөлөө, редакцын бие даасан байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, хариуцлагыг тод томруунаар тунхагласан “The post” байв.
Бүх хүн амьсгал даран шимтэж үзсэн энэ кинонд Америкийн хамгийн ууган, том бөгөөд нөлөө бүхий сонинуудын нэг Вашингтон Постын тухай өгүүлсэн билээ. 1971 онд АНУ-д сэтгүүл зүйд тулгарсан бодит түүхэн үйл явдлыг кинонд харуулна. Бүр тодорхой хэлбэл, Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, эрх мэдэлтэнд үйлчлэх бус олон нийтийн мэдэх ашигт нийцүүлэн ажиллаж, төрийн нууцыг дэлгэж буйгаараа энэ кино онцлог. Тиймээс энэ бол ганц сонины түүх бус чөлөөт хэвлэл бол ардчилалын тулгуур гэдгийг тодотгосон, кино шүүмжлэгчдээс өндөр оноо авсан, Оскар хийгээд Алтан бөмбөрцөг зэрэг томоохон кино наадам нэр дэвшсэн сайн бүтээл юм. Өнөөдрийн бидэнд Вьетнамын дайны талаарх бүх мэдээлэл нээлттэй. Харин тэртээ 1971 онд энэ бүгд хаалттай нуугдмал байв.
Харин “The New York Times” болон “The post” сонин энэхүү дайны нууцыг ил гаргаснаар Засгийн газрын эсрэг зогсож, улмаар хэвлэлийн эрх чөлөө боомилогдоход хүрдэг. Гэвч тухайн үед АНУ-ын төвийн болон орон нутгийн хэвлэлүүд дайны тухай материалыг бүгд нийтэлж, хэвлэлийн эрх чөлөөгөө хамтдаа авч үлддэг. 1975 оны 4 сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзэлж, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусаж, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн билээ. Энэхүү дайнаар хоёр талаас нийт 3-4 сая вьетнам, 1.5-2 сая лаос, камбожууд, мөн 58,159 америк цэрэг амь үрэгдсэн юм.

Киноны бас нэг сэтгэл хөдөлгөм дүр бол “The post” сонины эзэн Кэй Грэхэм хатагтай. Тэрбээр хувьцаа эзэмжигч бизнесмэнүүдээс гадна улс төрийн дарамтад өртдөг. Тийм хэдийч Кэй Грэхэм үнэний талд зогсож, ард түмнийг мэдэх эрхийг нь хүндэтгэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед эмэгтэй удирдлагатай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хуруу дарам цөөн байсан. Өнөөдөр бол ихэнх сайт, медиа эмэгтэй захиралтай. Магадгүй эл кино тэдэнд урам зоригийн түүх, хөтөч болсон байж мэднэ. Угаас энэ сургалтад эмэгтэй редакторууд, эрхлэгч нар зорин ирсэн харагдсан.

“The post” сониныг Стилсон Хатчинс үүсгэн байгуулж, 1877 оны арванхоёрдугаар сарын 6-нд 10 мянган хувь хэвлэсэн. Сонин дөрвөн хуудастай бөгөөд гурван центийн үнэтэй байжээ. 1880 онд тус сонин ням гаргийн дугаартай болж, долоо хоногт долоо гардаг анхны өдөр тутмын сонин болсон түүхтэй.
Кино эхлүүлэхийн өмнө сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл, тулгамдсан асуудал, эрх зүйн хамгаалалтын талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн илтгэл тавьж, хэлэлцүүлцүүлсэн. Мөн киноны дараа Сэтгэл судлалын Үндэсний төвийн мэргэжилтнүүд “Сэтгүүлч сэтгэл зүйгээ хамгаалах нь” сэдвээр танилцуулга хийж, оролцогчдод сэтгэлзүйн дэмжлэгийн зөвлөмж өгсөн билээ. Цувралаар зохион байгуулах уг сургалтын дараагийн кино үзвэр маргааш болно. Цаашид зургаан удаа уг кино хөтөлбөрийг зохион байгуулах бөгөөд Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан болон Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв /ICNL/-ийн дэмжлэгтэйгээр сэтгүүлчдийн хүртээл болж байгааг энэ ташрамд дуулгая.
