Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн ням гарагт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай танилцжээ. БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Тэгвэл үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай, тос дамжуулах хоолойн төслийн 89.4 хувийн гүйцэтгэлтэй, ДЦС болон технологийн байгууламжийн барилгын угсралтыг эхлүүлсэн юм байна. Дээрх үйлдвэрийг ашиглалтад оруулахтай холбоотойгоор “Ширээт” дэд станцын хүчин чадлыг 25 МВт болгон өргөтгөх аж. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2027 оны арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөсөн бол 2028 оноос бүрэн ажиллуулж эхлэх гэнэ. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дизель түлш 834, авто бензин 396, онгоцны түлш 80, шингэрүүлсэн шатдаг хий 27 мянган тонныг тус тус үйлдвэрлэн, дотоодын хэрэглээнийхээ багадаа 50 хувийг хангах зорилготой. Мөн 1500 ажлын байр бий болох юм.
С.Дулам