Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өчигдөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Энэ онд улсын хэмжээнд 274.1 мянган тонн үр тариа хураан авсан аж. Үүнд улаанбуудай 252.3, төмс 101.9, хүнсний ногоо 208.6 мянган тонн эзэлж байгаа юм. Өмнөх оныхтой харьцуулахад ургац 40 хувиар буурчээ. Улмаар Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5, төмсний 76.9, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийсэн байна.
Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 38, хөрсний гадарга дээр 65-69 хэм хүрч халсан нь ийнхүү нөлөөлсөн аж. Гэхдээ 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байсан тул ургацаа 7-10 хоногийн өмнө хурааж эхэлсэн тул Улаанбуудайн тарианы болц жигд, цавуулаг өндөртэй гарчээ.
Уг мэдээлэлтэй холбогдуулан хүнсний улаанбуудайн стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг салбарын сайдад даалгажээ. Түүнчлэн тариалангийн, үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулах асуудлыг судалж, шийдвэрлэхээр болсон аж.