УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нарын мэдээллийг сонсжээ. Таван жилийн төлөвлөгөөг “мөрөөдлийн жагсаалт” төдий хийж болохгүй хэмээн энэ үеэр АН-ын гишүүд сануулсан байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт онцгой анхаарахыг хүсэв. Малын экспортын тухайд урт, дунд, богино хугацааны төлөвлөөгөө хоорондоо нийцтэй байх, ядуурлыг бууруулах зорилтыг ярих бус, хэрэгжүүлэх зэргээр саналаа хэлсэн байна.
Ирэх оны төсвийн төслийг энэ долоо хоногт батлах ёстой. Тиймээс АН-ын бүлгээс төсвийн асуудлаар байгуулсан ажлын хэсгийн саналыг мөн сонсжээ. Ажлын хэсгийн гишүүн Д.Жаргалсайхан бусдадаа танилцуулга хийсэн аж.