
"Mission Dobro" олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан Улаанбаатар хот дахь Оросын ордонд сайн үйлсын аяны нээлтээ хийлээ. 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийж буй уг аяны хүрээнд ОХУ-ын Москва хотоос өндөр түвшинд бэлтгэгдсэн хэл засалч, хөдөлгөөн засалч, сэргээн засалч, бариач эмч Марина Попова, Татьяна Бондар, Екатерина Чигрина нар ирсэн бөгөөд улаанбаатар, аймаг сумуудын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үйлчилдэг эмч, мэргэжилтнүүдэд ахисан шатны сургалт орох юм. Россотрудничество компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Килпякова "Төслийг Россотрудничество сайн дурын төвүүдийн холбоо, ОХУ-ын Хүмүүнлэгийн төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж байна. "Mission Dobro" дэлхийн 14 оронд сайн дураар дэмжлэг үзүүлж ирсэн. Өдгөө Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар ирлээ" хэмээсэн юм.
Москвагийн хэл засалч нарын сургалтад Улаанбаатар, Дархан, Өмнөговь, Дундговь аймгийн хэл ярианы эмч, ярианы эмгэг судлаач, багш гээд 100 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтаар бага насны хүүхдийн арчилгаа, өөр харилцаа холбоо, ярианы эмчилгээний массаж, аутизм болон хөгжлийн олон бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэгийн талаар лекц, семинар хийж, дадлага ажил орох гурван өдрийн баялаг хөтөлбөртэй аж. Сургалтыг Монголын хэл засалчдын холбоо хамтран явуулж буй.
Хэл ярианы бэрхшээл засах мэргэжилтэнг Монголд бэлтгэдэггүй байсан. Харин сүүлийн 4 жил дээрх холбоо 176 хүнийг Улан-Үдэ хотод сургаж бэлтгэжээ.

