Эрүүл мэндийн даатгалын иргэний хяналтын нэгдсэн портал 1818.mn-ийг хэрэглээнд нэвтрүүлснээ ЭМДЕГ-аас мэдээллээ. Энэхүү цахим системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа, нэхэмжлэл, гэрээ, санхүүжилтийн мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэдэд ил тод танилцуулж буйгаараа онцлогтой. Тухайлбал, даатгуулагч иргэд уг системийн тусламжтайгаар өөрийн авсан эмчилгээ, үйлчилгээг хянаж, чанарт нь үнэлгээ өгч, санал, гомдлоо шууд илгээх боломжтойгоороо өмнөх системүүдээс давуу талтай гэнэ.
Мөн даатгалын сангийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг иргэн бүр бодитоор харж, хянах боломж бүрдсэн аж. Түүнчлэн иргэд өөрт ойр байрлах гэрээт эмнэлэг, эмийн санг хайлтын бусад системээс бус, нэг дороос буюу үйлчилгээний үнэ болон даатгалаас хөнгөлөх хувь, хэмжээг урьдчилан тооцоолж болох нь. Нэхэмжлэлийн гүйцэтгэл, хяналтын үр дүнг ч ил болгосон тул судлаачид болон шийдвэр гаргагчдад харьцуулсан судалгаа хийх, бодлогын оновчтой дүгнэлт гаргах нөхцөл бүрдүүлсэн байна.
М.Гэгээ