Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон орны тархи, сэтгэл судлаачид хичээл заана

Шинжлэх ухааны академийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс Олон улсын тархи судлалын байгууллагатай хамтран “Салбар дундын тархи-2022” сэдэвт олон улсын хурлыг өчигдөр Улаанбаатарт эхлүүллээ. Хурлыг энэ сарын 13-ныг дуустал зохион байгуулах аж. Уг хуралд Япон, БНСУ, АНУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг орны нэр хүндтэй эрдэмтэн судлаачид оролцохоор ирсэн байна. Тэд сүүлийн үеийн судалгааны ололт, салбар дахь технологийн дэвшлийн талаар лекц уншиж, онол болон практикийн мэдлэгээ манай улсын эрдэмтэд, судлаачидтай хуваалцах юм байна.

Тус хурлын үеэр тархи болон сэтгэл судлалын чиглэлээр хэд хэдэн сургалт зохион байгуулах гэнэ. Өчигдөр гэхэд Малайз Улсын “Путра” их сургуулийн Био анагаахын шинжлэх ухааны тэнхимийн багш Майкл Кинг Хва Линг “Альцгеймер өвчний үеийн хөл хөдөлгөөнтөх эмгэг” сэдвээр, АШУҮИС-ийн багш Л.Баттүвшин “Стереотаксинг”, мөн АШУҮИС-ийн багш Л.Галиндэв “Перфузи” сэдвээр лекц уншжээ. Өнөөдрийн хөтөлбөрийг харахад, АНУ-ын “Роберт вүүд Жонсон” анагаахын сургуулийн Нейросайнс ба эсийн биологийн тэнхимийн багш Жиппинг П.Панг “Хооллох зан төлөв ба бодисын солилцоо”, АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн багш О.Эрдэнэзаяа “Мэдрэлийн эсийн өсгөвөр”, АНУ-ын “Эмори” их сургуулийн Зан төлөв, сэтгэц судлалын тэнхимийн багш Б.Мандах “Мэдрэлийн үрэвсэл ба сэтгэл гутрал”, Киргизийн Төв Ази дахь Америкийн их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Елена Молчанова “Соёлоос үүдэлтэй эмгэг шинжүүд ба стресстэй холбоотой эмгэгүүд” сэдвээр хичээл заах аж. Энэ мэтчилэн манай орны болон гадаадын зочин профессор, багш нар энэ сарын 13-ныг дуустал номын дуу сонсгох нь.