“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч терминалын барилгын I давхарт 220 машины авто зогсоол байдаг. Гадаад руу явж буй иргэд тэнд тээврийн хэрэгслээ төлбөртэйгөөр байршуулж, хамгаалалтын албаныханд нь хариуцуулж үлдээдэг юм. Сүүлийн үед дулаан орныг зорих иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор тус зогсоол байнга дүүрэн, уртаас урт дараалалтай байх болжээ. Нисэх буудлын зохион байгуулалт, менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-иас үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаад байна.
Тус авто зогсоолын ажилтан “Зорчигчид ихэнх тохиолдолд нисэх буудлын гаднах нийтийн зогсоолд тээврийн хэрэгслээ үнэ төлбөргүй байршуулдаг. Харин хүйтэн сэрүүний улиралд дулаан зогсоолын эрэлт нэмэгддэг. Нийтийн зогсоолд машинаа үлдээсэн тохиолдолд дараа нь үүсэх асуудал, эрсдэлийг иргэд өөрсдөө хариуцна. Зорчигч терминалын барилга дахь дулаан зогсоолд байршуулах үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, дүрс бичлэг хийж хүлээн авдаг. Сүүлийн үед дулаан зогсоолын ачаалал нэмэгдсэнээс урьдчилж захиалга авах боломжгүйд хүрлээ” гэв. Дулаан зогсоолын нэг өдрийн тариф нь өвөлд 20 мянган төгрөг бол урин цагт найман мянга болж буурдаг аж.
Ташрамд дурдахад, Зам, тээврийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийнхан хамтран “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах тооцоо, судалгааг хийж буй. Ирэх оны нэгдүгээр сард багтаан үүний үр дүнг холбогдох байгууллагынханд танилцуулах тов гарган ажиллаж байгаа. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал нь олон улсын зэрэглэлтэй гэх атлаа “Буянт-Ухаа”-гаас ялгаагүй давчуу зай талбайтай, хүчин чадал муутай хэмээн олон нийт шүүмжилсээр ирсэн. Авто зогсоол нь дүүрч, үйлчлүүлэгчдэдээ хандан мэдэгдэл гаргаад буй өнөөгийн нөхцөл байдал нь ч үүнийг нотолж байгаа юм.
Н.МИШЭЭЛ