Дэлхийн энх тайвны индексийн энэ оны үзүү лэлтийг Австралийн Сидней хотод төвтэй Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс 20 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа. Үүнд Монгол Улс өмнөх оныхоосоо дөрвөн байраар ахиж, нийт 163 орноос 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин Ази, Номхон далайн бүс нутагтаа долоодугаарт буюу Шинэ Зеланд, Сингапур, Япон, Малайз, Австрали, Зүүн Тиморын дараа бичигджээ. Нийт үзүүлэлтээс харвал Исланд 19 жил дараалан “Дэлхийн хамгийн тайван улс”аар нэрлэгдсэн бол Шинэ Зеланд, Швейцар, Словени, Ирланд удаалсан аж. Харин манай хойд хөрш ОХУ уг үзүүлэлтэд сүүлд мушгисан бол БНХАУ-ын эрэмбэ үл ялиг хойшилсон байна. Түүнчлэн АНУ-ын улс төрийн тайван бус байдал сүүлийн 60 орчим жилийн дээд түвшиндээ хүрснийг тайланд тэмдэглэсэн юм.
Зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн хямрал, зэвсэглэл, цэрэгжүүлэлтийн улмаас зарим бүс нутгийн болон олон улсын тогтвортой байдал нэн доройтож, дэлхийн энх тайвны дундаж үзүүлэлт 12 жил дараалан буурсныг эл судалгаанд онцолжээ. Тус индексийг тодорхойлохдоо улс орнуудын дотоод болон гадаад аюулгүй байдлыг илэрхийлэх үндсэн 23 чанарын болон тоон үзүүлэлтийг ашигладаг бөгөөд эдгээрийг нийгмийн аюулгүй байдал, үргэлжилж буй дотоод болон олон улсын зөрчил, цэрэгжилтийн түвшин гэсэн үндсэн гурван бүлэгт хуваан авч үздэг байна. Тэр дундаа бүртгэгдсэн гэмт хэрэг, хоригдлын тоо, зэвсэгт хүчний бүрэлдэхүүний бүтэц зэрэг нарийвчилсан өгөгдлүүдийг харгалздаг аж. Манай улс дээр дурдсан үндсэн гурван бүлэг үзүүлэлтэд харьцангуй тогтвортой үнэлгээ авсан нь “Азийн хамгийн тайван улс”-ын тоонд багтахад нөлөөлсөн гэжээ.
Д.Хэрлэн