Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцагчдад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд орж, хичээл сурлагадаа ч анхаарах сөхөөгүй болсон талаараа дахин мэдээллээ. Уг хөтөлбөрийн эхний шалгаруулалтад тэнцэн БНХАУ-ын Бээжин, Польшийн Радом, Британийн Бристол хотод суралцахаар очсон залуус 2023, 2024 онд мөн энэ асуудлаар манай сонинд хандсаны дагуу бид тухайн үед мэдээ, нийтлэл бэлтгэн хүргэж байв. Тэгвэл асуудал одоо ч цэгцрээгүй, залуус санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд дарамтад буй гэнэ.
Уг хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад амьжиргааны зардал болгож сар бүр 200 ам.доллар олгох журамтай. Төрөөс зардал олгох учраас ар гэртээ дарамт учруулахгүй, хичээл сурлагадаа анхаарч, амьдарч болох нь хэмээн сэтгэл зовох зүйлгүй явсан оюутнууд өдгөө цагийн ажил хийн, гэр бүл, ойр дотнынхноосоо байнга туслалцаа авахаас аргагүйд хүрчээ. БНХАУ- д гадаадын оюутнууд, тэтгэлгээр суралцагчдыг хөдөлмөр эрхлэхийг хатуу хориглодог учир Бээжингийн шинжлэх ухаан, технологийн их сургуульд “илгээлт”-ээр очсон оюутнууд бүр ч хүнд нөхцөлд байгаа аж. Тэднийг төлөөлж өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш манай сонинд хандаж буй нэгэн оюутан “Хятад гэлтгүй, бусад улсад суралцагчид ч хэцүү нөхцөлд байна. Стипенд хэзээ олгохыг асууж сурагладаг л ажилтай боллоо. Оюутнууд фэйсбүүкт байнга энэ талаар бичиж байгаа ч хариу өгөх хүн алга. Хаана, хэнд хандахаа мэдэхээ байлаа. Хамгийн сүүлд 2025 оны 1-3 дугаар сарын стипендийг өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр бөөнд нь (600 ам.доллар) олгосон. Үүнээс хойших буюу 4-6 дугаар сарын стипендийг одоо хүртэл олгоогүй, хэзээ өгөх нь ч тодорхойгүй байгаа. Манай сургууль гэхэд долоодугаар сар дуустал хичээлтэй. Энэ сарын мөнгийг мэдээж тооцож олгохгүй байх. Ядаж 4-6 дугаар сарын амьжиргааны зардлаа хичээл тарахаас өмнө авчихмаар байна” гэж ярив. Эл тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш залуусын стипендийг тогтсон хугацаанд ер олгож байгаагүй гэх. Бээжинд очсон оюутнууд гэхэд таван сарын дараа анх стипендээ авчээ. Энэ тодорхойгүй байдал оюутнууд ажил, хичээлээ зохицуулах, санхүүгээ төлөвлөхөд нь ихээхэн хүндрэл болдог аж.
Стипендээ хүлээж, горьдлого тасарсан залуус “Тэтгэлэг биш, цөллөг шиг санагддаг боллоо”, “Яана аа, манайхаан амьд уу”, “Өлсөөд үхчихвэл хэн хариуцлага хүлээх бол” гэхчлэн бичиж байна. Оюутнуудын стипендийг яагаад цаг тухайд нь олгохгүй байгааг Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаагаас тодруулахад “Нэгдүгээрт, журмын шаардлага хангаагүй буюу хангалтгүй сурсан хүүхдүүдийн санхүүжилтийг зогсоож байгаа. Хоёрдугаарт, төсвийн хүндрэл, тодотголтой холбоотойгоор Сангийн яам төрийн бүх байгууллагын санхүүжилтийг зогсоогоод, энэ долоо хоногоос л хүсэлтийг нь шийдвэрлэж эхэлж байна.
Үүнээс өмнө IBAN дансны дугаарлалттай холбоотойгоор хүүхдүүдийн мэдээллийг шинэчлэх асуудал үүссэн. Энэ мэт шалтгаанаас болж стипенд олголт удааширсан” гэв. Харин оюутнууд журмын шаардлага хангаагүй суралцагчдын стипендийг зогсоох болсон, ийм зохицуулалттай талаар мэдээлэлгүй байгаагаа хэлэв.
Н.Мишээл