Дэлхийн зах зээл дээр газрын ховор элемент хаданд гараад байгаа. Монголд үнэ хүргэх ордууд бий. Америкийн Геологийн албаны 2009 онд хийсэн судалгаагаар “Монгол Улс Хятадын дараа орох газрын ховор элементийн нөөцтэй” гэж гарсан гэдэг. Тэдгээрийн нэг нь Ховдын Мянгадад байдаг Халзанбүрэгтэйн орд. Энэ дээр нэмэгдээд Хотгор, Мушгай худаг, Лугийн гол гээд байгаа.
Халзанбүрэгтэйд анх 1980-аад оны үед Оросын геологичид газрын ховор элеменьтийн судалгааг хийсэн. Тэр үеийн тайланд нь тайланд “Халзанбүрэгтэйд уран болон дөрвөн нэр төрлийн цацраг идэвхт бодистой, нийлээд 30 гаруй ховор элементтэй байна” гэж тэмдэглэгджээ. Түүнээс хойш Халзанбүрэгтэйд өөр ямар нэг хайгуул хийгдэлгүй байж байгаад 2004 онд лиценз олгожээ. Тэр лиценз Америк, Японы компаниудын гар дамжиж явсаар зэрэг олон компанийн гар дамжин шилжсээр “Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” хэмээх компанийн эзэмшилд очсон. Энэ компани нэгэн цагт Монголын эзэн гэгдэж асан сахал Эрдэнэбилэгийнх. Эрдэнэбилэг лиценз шилжүүлж аваад хайгуул эхлүүлсэн. Тэр үед нь Ховд аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын цацрагийн тун хэмжигч дозиметр болон “Ховд” их сургуулийн физикийн тэнхимийн цөмийн физикийн лабораторийн АТМЕХ дозиметрээр хайгуулын талбай дахь цацрагийн тунг хэмжихэд сорьцонд гамма цацрагийн тунгийн чадал зөвш өөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин их байсан нь тогтоогдож байжээ. Энэ мэдээлэл Ховдынхон, тэр тусам Мянгадынхны тархинд суусан. Нөгөө талаар Мянгад сумынхан бол Чингүнжавын үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий. Өнгөрсөн зуунд Ховдын баруун хязгаарын Хүрэн толгой хэмээх уулын энгэрт нүүдэллэн ирж суурьшихдаа энэ хайрхныг Халзанбүрэгтэй хэмээн нэрийдэж эртнээс нааш тахин шүтэж иржээ. Эгц өндөр, энгэр нь налуу, хад асга ихтэй, сүрлэг энэ хайрханыг хотгойдын мянгадууд тахин шүтэж иржээ. Харин УИХ, Засгийн газрын тодорхой нэр бүхий албан тушаалтнууд энэ ордын ашиглалтыг эхлүүлэх сонирхолтой байдаг. Гэхдээ Мянгадынхан, цахим сүлжээний дайралт хоёроос айгаад дорвитой алхам хийж чаддаггүй. Түр хааж, түр нээсээр өнөөдрийг хүрсэн. Халзанбүрэгтэйг дэмждэг улстөрчид далдаас санхүүжүүлэн цахим сүлжээгээр Халзанбүрэгтэйг эсэргүүцэгчдийг “Урвагч” хэмээн цоллож, “Шантаажчин” гэж нэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Нэгэнт хуульд нутгийнхны санал чухал учраас тэд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм учраас энэ янзаараа Халзанбүрэгтэй хөдлөхгүй. Нэг л гарц байгаа. Халзанбүрэгтэйн газрын ховор элементийг ашиглах гэвэл сахал Эрдэнэбилэг өөрөө Ховдын Мянгадад морилж нутгийнхантай нүүр тулах хэрэгтэй. Тэгэлгүй гадаадаас УИХ, Засгийн газарт байгаа хэдэн хүнийг шахаж, тэд нарт найдаад нэмэр багатай. Цагийн, мөнгөний л гарз.
М.Бат-Эрдэнэ