Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Шамбала-2056” төслийн багтай байгаль, цаг уурын судалгаа, хяналт мониторингийн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монгол орны говийн бүсийг нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой бодлого бий болгох, инженерийн суурин байгуулах зорилготой эл төслийг сайн дурын залуусын нэгдэл бүхий “Шамбала карбон оффсетс” компани Дорноговь аймгийн Эрдэнэ сумд 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Залуус одоогоор тухайн бүсэд 166 857 хайлаас тарьж, 108 970 ам метр талбайг нөхөн сэргээгээд буй аж. Мөн цахим спортын “The MongolZ” багтай хамтран говийн бүсэд 100 000 модыг лэнд арт хэлбэрээр буюу орон зайн урлагийн төлөвлөлттэйгөөр ургуулах төслийг хэрэгжүүлж байна.
Тэгвэл цаг уурын байгууллагынхан “Шамбала-2056” төслийн талбай дахь судалгааны станцын үйл ажиллагаа, мэдээлэл, өгөгдөлд түшиглэн хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох, говийн бүсийн байгаль, цаг уурын өөрчлөлтийг үнэлэх туршилт, судалгааг хамтран хийхээр болжээ. Тус төслийн бүс болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт цаг уурын байгууллагад харьяалагддаг, хүлэмжийн хийн агууламж тодорхойлох нэг, шороон шуурганы босоо тархалтыг үнэлэх хяналт мониторингийн хоёр цэг бий гэнэ.
Ташрамд дурдахад, “Шамбала-2056” төслийнхний тооцооллоор говийн бүсэд хийж буй ойжуулалтын ажлын үр дүнд ганцхан жилд агаар дахь 191 мянган кг нүүрстөрөгчийн давхар ислийг сааруулж, 313 мянган кг хүчилтөрөгч ялгаруулан, 967 мянган биомасс бий болгосон үр дүн гарчээ.
Н.Дүүл