Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан Үк тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлч лал хийж, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)ын дарга Б.Энхсүхтэй уулзлаа. Энэ үеэр хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна.
БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шаардлага хангасан иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гадаад паспортыг удаан хугацаагаар хадгалахгүй байх саналыг ГИХГ-ын дарга уламжилсан аж. Мөн БНСУ-ын хил дээрээс буцааж буй монгол иргэдийн асуудлыг хөндөж, санал солилцжээ.
Хариуд нь БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан Үк Монгол иргэдийн визийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, олон удаагийн виз олгох нөхцөл, хамрагдах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн визийн шалгалтын явцад паспортыг хадгалж буй зохицуулалтыг цаашид эргэн авч үзэх, мөн монголчууд эмчилгээний зорилгоор виз авах, зорчиход тулгамдаж буй асуудлыг судлан энэ чиглэлд онцгойлон анхаарал хандуулахаа тодотгожээ. Үүнээс гадна энэ сараас эхлэн бүлэг жуулчдад цахим визийг туршилтын журмаар олгохоор төлөвлөснөө мэдэгдэв.
Мөн БНСУ-ын хил дээрээс буцаж буй иргэдийн асуудлыг онцгойлон авч үзэж, хил нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг монгол хэлтэй мэргэжлийн орчуулагчаар тодорхой тайлбарлуулах, шаардлагатай тохиолдолд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбох арга хэмжээ авч буйгаа тодотгоод цаашид хил дээрээс буцааж, санхүү, цаг хугацаагаар хохирох эрсдэлийг бууруулах, шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэхэд манай ГИХГтай хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн “Инчон” олон улсын нисэх буудал болон ГИХГ-ын Агаарын замын боомт хариуцсан албаны хооронд шууд харилцах суваг бий болгохоор тохиролцжээ. Ингэснээр иргэдийн хил нэвтрэхтэй холбоотой асуудлаар цаг алдалгүй мэдээлэл солилцож, үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх гэнэ. Уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны Виз, оршин суух зөвшөөрөл хариуцсан газрын дэд дарга Бэ Чан-Жун, Инчон олон улсын нисэх буудал дахь Цагаачлалын албаны ахлах мэргэжилтэн У ЖэКюн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Юү Сү Ёл нар оролцсон байна.