Зуны аагим халуунд “Хайлж дууслаа” хэмээн цахим орчинд хошигнож, элдэв хөгжилтэй зураг хуваалцдаг хүн цөөнгүй. Гэтэл дэлхий дахинд агаарын хэм хэт дулаарах үзэгдэл нь жил бүр олон мянган хүний аминд хүрдэг ноцтой аюул болоод байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр манай гаргийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.37 хэмээр өсжээ. Үүний улмаас уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж ойртсоор байна. Тухайлбал, Франц, Испани зэрэг Европын оронд хэт халалтын улмаас улаан түвшний түгшүүр зарлаж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг иргэддээ зөвлөв. Мөн Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг улсад агаарын температур 46 хэмээс давж, хүний эрүүл мэнд, дэд бүтцэд ноцтой эрсдэл учруулж эхэлжээ. Цаашлаад цас, мөсний орон гэгддэг Антарктидад хүртэл 2024 оны дунд үеэс эхлэн агаарын температур хэвийн хэмжээнээсээ 20 орчим хэмээр дулаарсан нь дэлхий нийтийн анхаарал татаж байна.
Бид энэхүү гамшгийг уур амьсгалын өөрчлөлт хэмээх ерөнхий нэр томьёогоор хаацайлж, дан ганц байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбон ойлгох нь бий. Гэвч бодит байдалд энэ нь хүн төрөлхтний бүтээсэн замбараагүй хот төлөвлөлт, хэт нягтаршлын уршиг билээ. Сүүлийн 20-30 жилд л гэхэд томоохон хотуудад олноор барьсан шилэн фасадтай, бетон хийц давамгайлсан барилгууд дэлхий ийнхүү “хайлахад” ихээхэн “хувь нэмэр” оруулжээ. Тухайлбал, барилгын шилэн фасадаас ойсон нарны гэрэл орчны агаарыг хэд дахин илүү халаадаг аж. Мөн тэнгэр баганадсан өндөр барилгууд байгалийн салхины замыг таглаж, агаарын урсгалыг бүрэн хаадаг байна. Түүнчлэн шил, бетонон материал давамгайлсан байгууламжууд өдрийн турш хуримтлуулсан дулаанаа шөнөдөө аажмаар ялгаруулдаг тул хүмүүсийн амарч, унтах орчныг улам бүгчим, таагүй болгодог гэнэ.
Э.Сүйлэн