Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманьяам Жайшанкар манай улсад айлчилж байна. Түүнийг холбогдох албаны хүмүүс дагалдан яваа төлөөлөгчдийнх нь хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр угтан авсан юм.
Манай хоёр орон 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, соёл, боловсролын салбарт өргөн хүрээтэй хамтран ажилласаар харилцаагаа улс хоорондын түншлэлийн дээд түвшинд хүргэсэн юм. Энэ удаагийн айлчлалаар талууд харилцаа, хамтын ажиллагаагаа олон улсын түвшинд бэхжүүлэх, шинэ чиглэлээр өргөтгөн баяжуулахаар зорьж буй аж. Үүний хүрээнд Монгол, Энэтхэг улсын Гадаад харилцааны сайд нар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хоёр улс цаашид эдийн засгийн худалдааг эрчимжүүлэх, коксжих нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Монголоос Энэтхэгт нийлүүлэх боломжийг судлах, хөдөө аж ахуй, тээвэр ложистикийн салбарт хөрөнгө оруулалтын шинэ гарц нээх, шууд болон транзит нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр бодитой ажлууд хийхээр тохиролцжээ. Тухайлбал, орон нутаг дахь англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хамтран хэрэгжүүлэх гэнэ. Тухайлбал, Энэтхэгээс англи хэлний багш нарыг урьж авчран орон нутагт ажиллуулахаар болжээ. Мөн худалдаа, аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд манай улсын “Хүннү эйр” компани ирэх наймдугаар сараас эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд нислэг үйлдэхээр болсныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов. Ташрамд дурдахад, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай Гадаад хэргийн сайд С.Жайшанкар өнөөдөр танилцах аж.
Ж.Сувд