Дэлхийн адууны өдрийг энэ жил анх удаа тэмдэглэхтэй холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгийн баяр наадмыг улсынхтай давхцуулахгүйн тулд долоодугаар сарын 6-9-нд болгож урагшлуулаад буй. Үүнтэй холбоотой тогтоолыг Засгийн газраас энэ сарын 10-нд гаргаж, орон нутгийн удирдлагуудад хүргүүлсэн юм. Тэгвэл энэхүү шийдвэрийн улмаас аймаг, сумын наадам үзэхээр аяллаа төлөвлөсөн, нислэгийн тийз, байрлах газрынхаа захиалгыг баталгаажуулсан гадаадын олон жуулчин хохирох эрсдэл нүүрлэснийг аялал жуулчлалын салбарынхан хөндөж байна.
Манай улсын аялал жуулчлалын хамгийн идэвхтэй үе нь 6-8 дугаар сар. Харин энэ хугацаанд болдог томоохон арга хэмжээ нь Үндэсний их баяр наадам билээ. Жуулчдын олонх нь улсын баяр наадам үзэхээр зорьж ирдэг бол аймаг, сумынхыг сонирхох гадаадын иргэн ч цөөнгүй байдаг гэнэ. Дээрх шийдвэрээс болж жуулчид эртнээс төлөвлөсөн аяллаа цуцлах, чиглэлээ өөрчлөх, тур операторуудаас хохирол нэхэмжлэх тохиолдол гарч байгаа аж.
Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх санаачилгыг Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард албажуулж, олон нийтэд мэдээлсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор аймаг, сумын баяр наадмыг урагшлуулах шийдвэрийг гурван сар орчмын дараа буюу Үндэсний их баяр наадам хаяанд тулсан үед гаргасан нь бодлогогүй, хариуцлагагүй явдал гэж аялал жуулчлалынхан үзэж байна.
Долоодугаар сарын 11-13-нд болох Дэлхийн адууны өдрөөр 10 мянган морьтны цуглаан, парад болох бөгөөд үүнд Монгол орны өнцөг булан бүрээс адуучид оролцох юм. Тэгвэл зарим нь “Жуулчдыг татах шинэ зам нээж байна гээд өв соёлын уламжлалт арга хэмжээний хуваарь, тогтсон хэмнэлийг дураар өөрчилж болохгүй” гэж шүүмжлэв.
Н.Мишээл