Боловсролын үнэлгээний төвөөс 2026 оны багш болон сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалтын талаар мэдээлэл өгөв. Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат “Энэ жил багшийн гүйцэтгэлийн үнэлгээг сургуульд суурилсан хэлбэрээр зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, багшийг тухайн сургуулийн үнэлгээний багийнхан бүтэн жилийн ажлынх нь чанар, үр дүнд тулгуурлан дүгнэснээрээ онцлогтой. Ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн өмчийн 711 сургуулийн 30 106 багш, 870 457 сурагч хамрагдсан. Цахим шалгалтын улсын дундаж гүйцэтгэл урьдчилсан байдлаар 59.3 хувьтай гарсан байна. Эл шалгалтад 6-12 дугаар ангийнхныг хамруулсан. Харин сургуулийн өмнөх боловсролын үнэлгээнд 1016 цэцэрлэгийн 7355 багш, 136 965 хүүхэд оролцсон бөгөөд 97.1 хувьтай үнэлэгдсэн. Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний дүнг наймдугаар сарын 10-нд танилцуулна” гэв.
Харин элсэлтийн шалгалтын тухайд Боловсролын үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол “Улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28-нд зохион байгуулна. Эхний өдөр 10.00 цагт Монголын түүх, 14.00 цагт англи хэлний хичээлээр шалгуулна. Энэ удаагийн элсэлтийн шалгалтад 49 014 хүүхэд бүртгүүлсний 45 хувь нь эрэгтэй суралцагч. Хүүхдүүд бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын бичиг баримттайгаа ирэх юм. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан орчин бүрдүүлсэн” гэв.
Элсэлтийн шалгалтыг 20 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ удаа мөн өмнөх жилүүдийнхтэй адил арга, аргачлалын дагуу явуулах аж. Түүнчлэн шалгалтын материалыг өндөр нууцлалтай хүргүүлэх, сурагчдын аюулгүй байдлыг сахиулах, шалгалт авах сургуулийн ойр орчимд авто замын түгжрэл үүсгэхгүй, цахилгаан таслахгүй байх зэрэг арга хэмжээ авч, холбогдох байгууллагынхантай хамтарч ажиллах гэнэ. Мөн тухайн өдөр сурагчид бичиг баримтаа үзүүлээд автобусаар үнэ төлбөргүй зорчиж болох нь.
Ч.Болор