Кэролайн Родригес-Биркетт
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн хоёр дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. Тиймээс түүний халааг авах хүнийг тодруулах сунгаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээс эхлээд байна. Одоогийн байдлаар НҮБ-д суугаа Гайана улсын байнгын төлөөлөгч, Гадаад хэргийн сайдаар нь ажиллаж байсан Кэролайн Родригес-Биркетт, КостаРика улсын дэд ерөнхийлөгч байсан Ребека Гринспан, Чилийн Ерөнхийлөгч асан хатагтай Мишель Бачелет, Аргентин улсын иргэн, Олон улсын атомын энергийн агентлаг (МАГАТЭ)- ийн захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар ажиллаж байсан, Эквадорын иргэн Мария Фернанда Эспиноса, Сенегалын иргэн, дэд ерөнхийлөгч нь байсан Маки Салл нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.
Албан ёсны бус практикаар одоо сонгогдох шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Латин Америк болон Карибын тэнгисийн сав газрын орнуудын төлөөлөл байх ёстой бөгөөд нэр дэвшигчдийн олонх нь чухам тэр зүгийн улсуудын иргэд байна. Өнгөрсөн сард явуулсан албан ёсны бус санал хураалтын дүнгээр хатагтай Ребека Гринспан хошуу өлгөжээ. Үлдсэн хугацаанд нэр дэвшигчид байр сууриа бэхжүүлэх нь үү, давуу байдлаа алдах нь үү гэдэг анхаарал их татна. Түүнээс гадна, хориг тавих эрхтэй Франц, Орос, Хятад, Британи, АНУ яаж хандах нь вэ, шинэ өрсөлдөгч гараад ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхдээ Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүний есийнх нь дэмжлэгийг авчихсан байхад их таван гүрний хоригоос айлтгүй болно.
Хоёр дахь урьдчилсан санал хураалтад хатагтай Керолайн Родригес Биркетт тэргүүлжээ. Ребека Гринспан удаалж. Чилийн Ерөнхийлөгч байсан Мишель Бачелетийг Аюулгүйн зөвлөлийн ердөө хоёр гишүүн дэмжсэн байна.
1945 онд баталсан НҮБ-ын дүрэмд зааснаар ерөнхий нарийн бичгийн дарга нь тус байгууллагын гол албан тушаал. Энэ албан тушаалтан Нарийн бичгийн дарга нарын газрыг ерөнхий удирдлагаар хангаж, боловсон хүчнийг нь бүрдүүлж, Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблей, Эдийн засгийн болон Нийгмийн зөвлөл, НҮБ-ын бусад байгууллагаас өгсөн үүргийг биелүүлдэг. Өөрийнх нь бодлоор олон улсын энх амгалан байдалд аюул учруулж болох аливаа асуудлыг Аюулгүйн зөвлөлийн сонорт хүргэж, хэлэлцэх асуудлуудыг Ерөнхий Ассамблей болон бусад бүтцэд санал болгож, дэлхийн улсуудын удирдагч, төрийн зүтгэлтнүүдтэй зөвлөлдөх ажлыг ерөнхий нарийн бичгийн дарга бас эрхэлнэ. Олон улсын маргаан, зөрчилдөөнтэй байдал, асуудлыг эв найраар зохицуулахын төлөө хүчин чармайлт гаргах нь түүний үйл ажиллагааны нэг чухал чиглэл байдаг.
Дүрэм ёсоор ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн санал болгосноор Ерөнхий Ассемблей томилно. Нэр дэвшигчдийг хэд хэдэн удаа урьдчилан санал хураасны дараа Аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргана. Дараа нь нээлттэй санал хурааж, түүнд Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Британи, Хятад, Орос, АНУ, Францыг оролцуулан 15 гишүүний есөөс цөөнгүй нь оролцох ёстой. Ерөнхий Ассамблейн 193 гишүүний шийдвэр Аюулгүйн зөвлөлөөс дэвшүүлсэн нэрийг санал хураахгүйгээр дуу нэгтэйгээр ёс төдий баталдаг учиртай.
Ерөнхий нарийн бичгийн дарга нь таван жилээр улиран сонгогдох эрхтэй байдаг. Улиран сонгогдох хэмжээнд тоо тогтоож хязгаарлаагүй ч одоо хэр нь хоёроос илүү удаа хэн ч энэ албанд сонгогдоогүй юм. Өнөөг хүртэл мөрдөж ирсэн практикаар Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас ерөнхий нарийн бичгийн даргаар сонгож байсангүй. Өнгөрсөн хугацаанд ерөнхий нарийн бичгийн даргын албыг есөн хүн хашиж ирсэний дөрөв нь Баруун Европын, нэг нь Латин Америкийн орнуудын, Африк, Азиас тус бүр хоёр хүн сонгогдоод байна. Уг албан тушаал хаших хүнийг сонгохдоо газар нутгийн төдийгүй хүйсийн тэнцвэртэй байдлыг ч харгалзахыг Ерөнхий Ассамблейн тогтоолд заасан байдаг ч өнөө хэр нь эмэгтэй хүн энэ суудлыг эзэлсэн удаагүй.
Нэр дэвшигчдийг товч танилцуулья.

Мишель Бачелет нь Чилийн Ерөнхийлөгчөөр ажилласан анхны эмэгтэй, уг албыг хоёр удаа (2006-2010, 2014-2018 онд) хашсан, 10 жилийн өмнө Гутерришд өвдөг шороодсон. “Эелдгээр хэлэхэд тэр үед дэлхий дахин үүнд (эмэгтэй хүнийг энэ албанд сонгоход) бэлэн биш байж. Одоо бэлэн болсон болов уу. Болсон гэж найдаж байна” гэж 74 настай энэ хатагтай оны эхээр хэлж байжээ. 2018-2022 онд Мишель Бачелет НҮБ-ын хүний эрхийн дээд комиссараар ажиллаж, геополитикийн олон чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцож байв. Энэ удаад тэрбээр гол тавуу тал болох туршлагаа бооцоо болгон тавьж буй аж.

Аргентиний дипломатч Рафаэль Гросси ажил албаныхаа ихээхэн хэсгийг цөмийн эрчим хүч, атомын салбарт зориулжээ. МАГАТЭ-гийн ерөнхий захирлаар 2019 онд томилогдсон нь энэ үйлсийнх нь оргил гэлтэй. Цөмийн дайны эрсдэл өсөн нэмэгдэж буй аюул гэгдэж байгаа дэлхийн геополитикийн өнөөгийн нөхцөлд мэргэжлийн ажлын туршлагаа эргэлзээгүй давуу тал гэж Гросси үзэж байгаа юм байна. UN80 гэж нэрлээд байгаа НҮБ-ыг өөрчлөн шинэчлэх санаачилгыг энэ аргентин хүн дэмжиж байгаа юм. Гишүүн орнуудад санхүүгийн хүнд дарамт болсон байгаа НҮБ-ын давхардсан ажил үүргийг цөөлөх, зарим бүтцийг нэгтгэх нь зүйтэй гэсэн бодолтой юм байна.

Испани гаралтай Эквадорын төлөөлөл Мария Фернанда Эспиноса 61 наслахдаа олон ажил амжуулжээ. Эквадорын Гадаад хэргийн сайд байхдаа яруу найраг туурвиж, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн шинжээч байв. “The Observer” сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа НҮБ-д төсвийн бэрхшээл бийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаар нэг жил ажилласан байна. НҮБ өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй юм бол “амьсгал хураахаас” өөр аргагүй гэсэн байр суурьтай байдаг аж. 1994-1998 онд Коста-Рикагийн дэд ерөнхийлөгч байсан хатагтай Ребека Гринспан одоо НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Энэ бага хурал худалдааны гэрээ байгуулахад хөгжиж буй орнуудын эрх ашгийг төлөөлдөг юм. 2022 онд Украин руу Орос довтолсны дараа Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлохыг үргэлжлүүлэхээр Киев, Москва хоёрын хооронд хэлэлцээр хийлгэсэн ажил нь олон түмэнд ихээхэн үнэлэгдэж байв. Гринспан бас Аюулгүйн Зөвлөлд ялангуяа Африк, Латин Америкийн орнуудын төлөөллийг өргөжүүлэхийн төлөө тэмцдэг юм.

64 настай Маки Саль 2012-2024 онд Сенегалын Ерөнхийлөгч байсан, өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Түүнийг Ерөнхийлөгч байхад Сенегалын дэд бүтцийн хөгжилд нааштай ахиц өөрчлөлт нэлээд гарсан гэж үздэг. Харин хоёр дахь бүрэн эрхийн хугацааны 2021 онд сөрөг хүчний удирдагч Усман Сонког баривчилснаас үүдсэн эсэргүүцлийн дараагаас түүний нэр алдар унаж эхэлсэн байна. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг оролдсоноос эсэргүүцэл тэмцэл өрнөж, хүний амь ч хохирсноор түүнд олон түмэн шүүмжлэлтэй хандах болжээ. Сенегалын одоогийн эрх баригчид НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд түүний нэрийг дэвшүүлэхийг эхлээд дэмжихгүй байснаа өнгөрсөн сард байр сууриа өөрчилсөн байна.
Хатагтай Кэролайн Родригес Биркетт зургаадугаар сарын дундаас өрсөлдөөнд оролцох болжээ. Родригес-Биркетт Америкийн уугуул иргэдээс гаралтай. Түүнийг НҮБ-д өндөр албан тушаалтай болох хүсэлтэйг нь Гайаны Ерөнхийлөгч Ирфаан Али саяхан мэдээлжээ. “Родригес Биркеттийн НҮБ-ын ирээдүйн талаарх байр суурь тус байгууллагын үйл ажиллагааны үр бүтээл, шуурхай байдлыг дээшлүүлж, орчин үеийн шаардлагад нийцэх чадавхыг нь хадгалах явдал” гэж Ирфаан Али тэмдэглэсэн байх юм.
Р.Жаргалант