Гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж, эндсэн тохиолдол байсхийгээд л гардаг. Явган зорчигч хамгийн “аюулгүй бүс” болох гарцан дээр гэмтэж, бэртэн, амиа алдах нь байж боломгүй. Харамсалтай нь, дүрэмгүй мэт аашилдаг жолооч нар, нөгөө талдаа иргэд гэрэл дохиогүй гарцаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг тооцоолоогүйн энэ төрлийн осол буурахгүй байгааг цагдаагийнбайгууллагаас анхааруулав. Тээврийнцагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Д.Бүжинлхам “Энэ оны эхний долоон сарын байдлаар явган хүний гарцаар нэвтрэх үедээ давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 7487 зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Явган хүний гарц бол зүгээр нэг тэмдэг, тэмдэглэгээ биш, хүний амь, эрүүл мэндийг хамгаалах чухал хэсэг. Гэтэл зарим жолооч гарц руу ойртох үедээ хурдаа бууруулахгүй, зам тавьж өгөөгүйгээс осол гарч байна” гэв.
Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн үед хүүхдүүд зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх осол нэмэгддэг. Уржигдар л гэхэд Баянголд дүүрэгт 76 настай эмэгтэйг гарцаар замхөндлөн гарч явахад нь “Хонда” загварын автомашин мөргөж, аминд нь хүрсэн байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар явган зорчигч нас барсан 84 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 908 явган зорчигч гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.8 хувиар буурсан дүн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, түүгээр гарч буй болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож, зам тавьж өгнө” хэмээн заасан. Иймд жолооч нар дүрмээ баримталж, анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан санууллаа.
Ч.Туяа