Холливудын домогт жүжигчин Норма Жин Мортенсон буюу Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Mattel” компани түүний дүр бүхий “Barbie signature” цуглуулгыг худалдаанд гаргалаа. Энэ нь тус компанийн Монрогийн төрхөөр бүтээж буй анхны хүүхэлдэй биш бөгөөд тэд 1997 оноос хойш түүний алдартай киноны дүрүүдээс сэдэвлэсэн хэд хэдэн цуглуулга олон нийтэд хүргээд байв. Харин энэ удаагийн хувилбар нь Монрогийн олон нийтэд хамгийн их танигдсан ягаан даашинзтай төрхийг дахин бүтээснээрээ онцлогтой.
Шинэ барбиг Монрогийн 1953 онд тоглосон “Gentlemen prefer blondes” киноны “Diamonds are a girl’s best friend” дууны үзүүлбэрээс санаа авч урлажээ. Энэхүү хүүхэлдэй нь бие барьсан загвартай, ардаа том тууз бүхий тод ягаан даашинз, урт бээлий, өндөр өсгийт, гялалзсан гоёл чимэглэлтэй аж. Америкийн зах зээлд 81 ам.доллароор борлуулж буй эл хүүхэлдэйн багцад жинхэнэ эх бүтээл мөн, эсэнийг баталгаажуулахгэрчилгээ дагалдах юм байна.
“Mattel” уг хүүхэлдэйг Монрогийн өвийг хариуцдаг “Estate of Marilyn Monroe” байгууллагатайхамтран бүтээжээ. Тэд энэхүү бүтээлээрээ зөвхөн жүжигчний гоо сайхан, алдартай хувцаслалтыг сануулаад зогсохгүй тухайн үеийнхээ нийгмийн хэм хэмжээг даван гарсан уран бүтээлч, продюсер, бизнес эрхлэгчийнх нь хувиар хүндэтгэл үзүүлж байгаагаа онцолжээ.
Ташрамд дурдахад, Мэрилин Монрогийн 100 жилийн ойн хүрээнд Лос-Анжелес хотын “Academy museum of motion pictures” музейд түүний амьдрал, уран бүтээлд зориулсан “Marilyn Monroe: Hollywood icon” үзэсгэлэн дэлгэсэн бөгөөд 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэхүү үзэсгэлэнд түүний кинонд өмсөж байсан хувцас болон эдэлж хэрэглэсэн ховор зүйлсийг дэлгэн үзүүлж буй юм.
У.Сүрэн