УИХ дахь АН-ын бүлгээс хаврын чуулганы төгсгөлөөр Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тус намын дарга О.Цогтгэрэлийн албан бланкан дээр цуглуулж буй уг саналд бүлгийн 42 гишүүнээс 41 нь гарын үсгээ зурсан. “Сугарч” үлдсэн Ч.Лодойсамбуу гишүүнд дүрмийн дагуу хариуцлага тооцно гэдгээ намын дарга нь мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар Ч.Лодойсамбуу гишүүн өчигдөр тайлбар хийв. Тэрбээр “Юуны өмнө Засгийн газрыг огцруулах талаар бүлгийн хатуу дагах, гурван од бүхий албан ёсны шийдвэр гараагүй. Ийм нөхцөлд гишүүд өөр өөрсдийн байр сууриа баримтална. Миний хувьд АН төр самардаг нам байж болохгүй гэж үзэж байгаа. Тэр огцруулах бичгийг хэзээ санаачилсан билээ. Одоо цаг үе өөрчлөгдөж, даван туулах ёстой өдрүүд ирээд байна” гэлээ. Мөн бүлгийнх нь зарим гишүүн шахалтад орж гарын үсгээ зурсан тухай “зовлон”-гоо түүнд хуваалцсан хэмээн ярив.