Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрсөн атал олон нийтэд танигдаж завдаагүй, байнгын хороо, чуулганы хуралдаанд үг хэлж үзээгүй, “ажиглагч”-аар суусаар яваа гишүүн бол М.Сарнай. Тэрбээр Үндэсний эвслээс жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн гишүүн болсон юм. УИХ-ын албан ёсны цахим хуудсан дахь түүний намтар тун товчхон. 2002 онд “Монгени” бүрэн дунд, 2016 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Дараа жил нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалаад, “Мөнх эс эс” ХХК-д менежерээр хэсэг ажиллажээ. Эл компаниа тэрбээр төрсөн дүүтэйгээ хамтран байгуулсан юм байна. Энэ нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани хэмээн бүртгэлд бичжээ. Улмаар 2023 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүн болж. Түүний өөрийн орлого сонгогдохынхоо өмнө 16.1, 2025 онд 222.3 сая төгрөг болсон байна. 342 сая төгрөгөөр үнэлэгдсэн гурван машинтай, 1.1 тэрбумын үнэлгээтэй нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зогсоолтой хэмээн тэрбээр хөрөнгө, орлогодоо мэдүүлсэн байна лээ.
Товчхон намтартай ч тэрбумын хөрөнгөтэй эл гишүүн өнгөрсөн хоёр жилд ямар ч идэвх харуулсангүй. Ядаж үг хэлдэггүй, асуулт ч тавьдаггүй. Бусдынхаа ард нуугдаж, чимээгүйхэн суусаар өнөөдрийг хүрчээ. Өөрийгөө таниулах боломжийг ч сонгогчдод олгосонгүй. Тиймээс “завсар” ихтэй намтрынх нь “тасарсан” хугацааг гишүүний 266 дагагчтай цахим хуудсандаа бичсэн нэгэн постноос нөхөж ойлгох гээд үзье. Нэлээд залуудаа ээж болсон, 2022 онд бага хүүхдээ төрүүлсэн, “Эхийн алдар”-II одонтой гэдгийг тэндээс харна. Тиймээс хүүхдүүдээ өсгөсөөр 14 жилийн дараа л их сургуульд суралцах боломж бүрдсэн байх нь. 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо тэрбээр том охиндоо компанийнхаа гүйцэтгэх захирлын ажлыг шилжүүлсэн гэнэ. “Алдарт эх, тэнгэр ээж” ТББ-ыг 2023 онд байгуулснаас хойш тэргүүнээр нь ажиллаж буй аж.
илласан туршлага асар нимгэн ийм хүн яаж УИХ-ын гишүүн болсон бэ. Тэгвэл түүний аав болон нөхөр улс төртэй холбоотой байж. Тэрбээр “Бурхан халдун” группийг үүсгэн байгуулагчид буюу “Дарханы таван Даш” хэмээх улс төр, бизнесийн хүрээнд танигдсан ах, дүү нарын нэг болох Б.Мягмардашийн охин аж. Аав нь Дархан-Уул аймгийн АНын дарга, намын Дүрмийн хорооны даргаар ажиллаж явсан нэгэн. Гэхдээ охиноо АН-аас биш, Үндэсний эвслээс, жагсаалтын дөрөвт эрэмбэлүүлснээр парламентын босго алхуулж дөнгөжээ. М.Сарнай гишүүний нөхөр агсан Т.Баясах мөн АН-ын гишүүн байсан юм. Тэрбээр эдүгээ Үндэсний эвслээс сонгогдсон гишүүн Д.Пүрэвдавааг Баянзүрхийн Засаг дарга байхад орлогч нь, 2017-2020 онд орыг нь залган ажиллажээ. Эндээс М.Сарнай гишүүний Үндэсний эвсэлтэй холбогдсон замналыг тайлж болно. Бизнес, улс төрд танигдсан аав, нөхрийнхөө “татаас”-аар тэрбээр УИХ-д сонгогдсон байх нь. Авга ах Н.Мөнхдаш нь АН-аас хэдэнтээ УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч амжилт олоогүй бол дүү нь түүний мөрөөдлийг ийнхүү биелүүлжээ. Харамсалтай нь, товчлуур дарагч, суудал бөглөгчийн л үүрэг гүйцэтгэдэг, цаасан дээр бүртгэлтэй “амьгүй албат” гэдгээ М.Сарнай өнгөрсөн хугацаанд харууллаа. Гэхдээ хоёр жил гаруйн туршид хуралдсан дөрвөн чуулганы нийт ирцээр оролцоо нь 88 хувьтай гарсан нь түүнээс авах ганц сайн зүйл. Хуралдаа их идэвхтэй суугаад л, сонсоод л, ажиглаад л байдаг аж. Эхний жил ажиглаад чимээгүй суувал ойлгоё. Дараагийн жилээсээ улс төр гэж юу болох, УИХ-ын гишүүний эрх, үүрэг гэдгээ гадарлаад, ойлгож, мэдэхийн тулд асууж, тодруулдаг болдог сон доо. Гэтэл тэр хэлд орсонгүй. Яагаад ямар ч идэвх, зүтгэлгүй байдгийг нь асуусан сэтгүүлчид “Яах вэ дээ” гэдгээс өөр хариулт ч хэлж чадаагүй. Тэгсэн атлаа ачаалал ихтэй ажиллаж байгаагаа гайхсан. Үүнийг нь харин олон нийт гайхсан юм. Юутай ч тэрбээр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах, Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн төслийг бусадтай хамтран өргөн барьж, нэрээ бичүүлсэн юм билээ.