Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунхыг 74 жилийн дараа нээн илрүүлжээ. ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Колорадогийн их сургуулийн хамтарсан “Алтайн археологи” төслийн судалгааны баг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 10-ны хооронд тус агуйд малтлага, судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Судалгааны явцад агуйн баруун урд хэсгийн хатавчинд чулуун нуранги, шувууны сангасанд дарагдан нуугдсан амыг нээж, хоёр тасалгаатай жижиг хунхыг шинээр илрүүлжээ. Хунх гэж агуйн хананд байгалийн жамаар эсвэл хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн жижиг өрөө, хонхор хэсгийг хэлдэг археологийн нэршил юм.
Шинээр илрүүлсэн хунхны хана, таазанд эртний хүмүүсийн зурсан амьтан, шувуу, мөн Х үсэгтэй төстэй дүрс тэмдэг бүхий 40 гаруй зосон зураг хадгалагдан үлдсэн байна. Зосон зураг гэдэг нь эртний хүмүүс байгалийн гаралтай улаан өнгийн эрдэс будаг болох зосоор агуй, хадны хананд зурж үлдээсэн соёлын үнэт дурсгал юм. Гэвч зургууд нь олон жилийн турш хуримтлагдсан шувууны сангас, тоосжилтын нөлөөгөөр нэлээд бүдгэрчээ. Тиймээс анхан шатны баримтжуулалт хийсэн бөгөөд ирэх онд хана, таазанд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж, хунх дотор нарийвчилсан археологийн малтлага явуулахаар төлөвлөж буй аж.
Хойд Цэнхэрийн агуйн зосон зургуудыг нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж 1952 онд анх шинжлэх ухааны эргэлтэд оруулж байв. Харин түүнээс хойш 74 жилийн дараа дахин шинэ хунх, эртний зургуудыг нээн илрүүлж байгаань энэ. Тус судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийнтүрүү үеийн судалгааны салбарынэрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колорадогийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан байна.
Ташрамд дурдахад, тус судалгааны баг 2025 оны малтлагаараа Хойд Цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн юм. Энэ нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй билээ.
У.Сүрэн