Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан БНСУын Нийгмийн бодлого судлалын хүрээлэн, Сөүлийн Эмэгтэйчүүд, гэр бүлийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус хүрээлэнг 1989 онд байгуулсан бөгөөд нийгмийн хамгаалал, даатгал, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүй ба демографын өөрчлөлт, эмзэг бүлгийн иргэдийн орон сууцын бодлого, нийгмийн тэгш бус байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг аж. Талууд энэхүү уулзалтаар Монголд тулгамдаж буй хүн ам зүйн олон асуудал, тухайлбал, гэр бүл салалт, төрөлт буурч, насжилт нэмэгдэж буйг, мөн технологи ашиглан үйлддэг жендерт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүдийн талаар санал солилцлоо. Тэр дундаа хүн амын өсөлтийг дэмжих, удмын санг хадгалах, алслагдсан бүс нутгийн малчин иргэдийг дэмжих, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулахад чиглэсэн сайн туршлага судлах, үндэслэлтэй бодлогын судалгаа хийхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа манайхаас уламжилсан.
БНСУ-ын Нийгмийн бодлого судлалын хүрээлэнгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, доктор Пан Сүн Ил судалгааны ажил, үр дүн, туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлж, улмаар Сөүлийн Эмэгтэйчүүд, гэр бүлийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Энэхүү сан нь хотынхоо төрийн захиргааны харьяа агентлаг бөгөөд жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн хөгжил, гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхэд асаргаа, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс санамж бичгийн хүрээнд эдгээр чиглэлд хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын бодлого, гэр бүл, халамж, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад цөөнгүй төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр болов.