Баруун Африкийн Гвиней улсын Конакри хотын Гбессиа дүүрэг дэх хогийн овоолго нурж, 30 хүн нас барсан талаар тус улсын Засгийн газар өнгөрсөн ням гарагт мэдээллээ. Тодруулбал, шөнө орсон аадар борооны улмаас үлэмж хэмжээтэй хогийн овоолго ойролцоох айлууд руу нуран жижиг сууцуудыг дарсан аж. Засгийн газар уг хогийн цэгийг хааж, хог хаягдлыг өөр газар луу шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэнээс хойш долоо хүрэхгүй хоногийн дараа тус осол болсон байна. Үүний улмаас 30 хүн амиа алдаж, зургаан хүн хүнд, 16 иргэн хөнгөн гэмтсэн гэнэ. Гвинейн Ерөнхий сайд Амаду Ури Бах хогийн цэгт очиж, учирсан хохирлыг үнэлэн, аврах ажиллагааны явцтай танилцжээ.
Гэрчүүдийн хэлснээр уг хогийн овоолго нь ойролцоох хэдэн давхар орон сууцын барилгыг ч бүхэлд нь дарах хэмжээтэй байсан аж. Хэргийн газарт байсан Сире Диалло гэх эмэгтэй таван хүүхдээ бүгдийг нь алдсан тухай сэтгүүлчдэд ярьсан юм. Баруун Африкийн энэ улсад дэд бүтэц муу хөгжсөн, ядуурал их хэвээр буй. Тус бүс нутгийн хүн ам шигүү суурьшсан, дэд бүтэц сул хөгжсөн хотуудад бороо их орвол хөрс нурж, үер болох нь элбэг.
Д.Хэрлэн