Улаанбаатар хот баруун урд болон хойд талдаа барилга олноор барьж буй. Хан-Уул дүүргийн нутаг, Нисэх, Яармаг орчимд барилга сүндэрлүүлэх болсон. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс хүний амь, эрүүл мэнд хохирох явдал байнга гарсаар буй юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд барилга дээр ажиллаж байсан нэг хүн амиа алдаж, өөр нэг нь хүнд гэмтжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, ИНЕГ-ын автобусны буудлын хойд талд барьж буй барилга дээрээс энэ сарын 15-ны 17.00 цагийн үед хүмүүс унаж, ухаангүй байгаа тухай дуудлага цагдаа, яаралтай тусламжийн төвд ирсэн байна.
Ослын газарт цагдаа, эмч нарыг очиход “Мөнх гэрэлт орд” ХХК-ийн барьж буй барилгын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчид гадна фасадны ажил хийж байхад нь дүүжин тавцангийн ган татлага (тросс) тасарсан аж. Улмаар цахилгаанчны туслах ажилтан 50 настай Б газар дээрээ нас барж, 29 настай залуу хүнд гэмтэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргүүлэн эмчлүүлж буй гэнэ.
Барилгын компанийн ажилчид хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа дагаж мөрддөггүй, хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу хэрэглэдэггүй, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, сургалтад хүмүүсээ хамруулдаггүй, мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг зэргээс үүдэн ийм осол удаа дараа гарсаар байгаа юм.