Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хууль хяналтын байгууллагуудаас “Shein”, “Temu”, “Lululemon”, “Alo Yoga”, “Gore-Tex” зэрэг брэндийн зарим бүтээгдэхүүнээс PFAS, фталат, хар тугалга, бисфенол А (BPA) зэрэг эрүүл мэндэд хортой химийн бодис илэрсэн, ашигласан байж болзошгүй гэх асуудлаар мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаа явуулж байна.
PFAS нь ус, тос, толбо тогтохоос хамгаалах зориулалтаар хувцас үйлдвэрлэлд өргөн ашигладаг синтетик бодисын бүлэг юм. Гэвч энэ төрлийн бодис нь байгальд задардаггүй тул “мөнхийн химийн бодис” гэгддэг. Судалгаагаар PFAS болон флатат нь дааврын тогтолцоог алдагдуулах, нөхөн үржихүй болон дархлааны үйл ажиллагааг сулруулах, улмаар хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг хэдийн тогтоосон.
Мөн шүүхийн маргааны үеэр greenwashing буюу байгаль орчинд ээлтэй мэтээр худал сурталчилсан асуудлыг ч хөндөж байна. Тухайлбал, “Gore-Tex” брэндийг эзэмшдэг “Gore & Associates” компанийг бүтээгдэхүүндээ PFAS ашигладаг атлаа байгаль орчинд ээлтэй хэмээн төөрөгдүүлсэн гэж хэрэглэгчид нэхэмжлэл гаргажээ. Мөн “Greenpeace” болон Европын хэрэглэгчийн байгууллагуудын хийсэн лабораторийн туршилтаар “Shein” брэндийн зарим хувцаснаас (үүний дотор хүүхдийн хувцас) Европын Холбооны зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их PFAS, фталат зэрэг аюултай бодис илэрсэн байна.
Эдгээр маргаантай холбоотойгоор АНУ-ын Калифорни, Нью-Йорк муж болон Европын зарим оронд хувцас, нэхмэл бүтээгдэхүүнд PFAS хэрэглэхийг үе шаттайгаар хориглож, хязгаарлах хуулиудыг хэрэгжүүлж эхэллээ. Үүний үр дүнд дэлхийн томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ найрлагыг өөрчилж, хортой бодисоос татгалзах шахалттай тулгарч байна.
Э.Сүрэн