“Шүлэг ганцаардлаас төрөөд хамт олны дунд ордог. Гэвч тэрхүү хамт олон нь түүнийг бүр ч илүү ганцаардуулдаг. Шүлэг биднийг анагаадаг ч бид шүлгийг анагаадаггүй. Энэ утгаараа яруу найраг цагийн цагт цөөнхийн урлаг байсаар байх болно. Сувдгүй хоосон хясаа шиг шүлэг байлаа ч түүнд нууц бий. Уншигчийг өөрөө өөртөө юугаа ч юм илчлэхийг шаарддаг тийм нууц. Тиймээс хэдий чинээ сэтгэлээ нүцгэлж, ариусна төдий чинээ яруу найргаас таашаал хүртэнэ. Уншигчийн хуурмаг төрхийг шүлэг анддаггүй. Муу бодол тээсэн нэгэнтэй ойртож хавьтдаггүй нь шүлгийн гойд чанар болой”. Энэ бол залуу найрагч М.Бямбажавын үзэл бодол. Өдгөө Ирланд улсын Дүблин хотод амьдардаг тэрбээр анхны түүвэр болох “Одох замын зогсцууд” бүтээлээ 2025 онд хэвлүүлжээ. Гэхдээ энэ удаа түүний хэвлүүлэхээр зэхэж буй бүтээлд багтсан шинэ шүлгүүдээс хүргэж байна.
ЭТИМОЛОГИ
Брабазон овгийнхны эдлэн газарт ирээд
Бяслагтай талхаар би өөрийгөө дайлж сууна
Өмнө нь энд цөөнгүй л зочилсон,
Өрөө тасалгаа ихтэй цэцэрлэгээр нь
Өчнөөн л зугаалсан.
Аварга том брокколи шиг модных нь өтгөн сүүдэрт
Амарч, өдөржин хэвтсэн нь ч бий. 17 дугаар зууны үеийн франц маягийн усан оргилуурыг нь
Ажиглаж, удтал зогсохдоо муу
“Хүдэр”-ээгээ
Аваад ирмээр санагдсан сан, энд би.
Азгүй дурлалын бэлгэдэл болсон
Хатгуур цэцгийг нь ч ханатлаа харсан.
Эмзэг, нарийхан ишээ далд ортол
Энгэрт минь одоо тэр гүн шигдсэн.
Нимбэг, жүржийн мод тариалмаар
Викторианы үеийн гоёмсог шилэн танхимд нь
Нээрээ, нэг тоглолт бас үзсэн юм байна.
Зои Конвайг эх хэлээрээ оройжин дуулахад
Зорин ирэгсдийн зарим нь уйлж харагдсан.
Аргадах мэт хийлийн аялгуу тоглохоо
Ашгүй, Зои бас мартаагүй байсан.
Харин өнөөдөр анх удаа энэ бүхний эхлэл ч байж болох
Хөл үймээнтэй 1534 оны тухай, Наймдугаар
Хэнригийн захиасаар тэр үед
Нааш ирсэн ноён Уильям
Брабазоны тухай бодлоо.
Эдвард ач нь тэгэхэд
Энд ирээгүй, бүр төрөө ч үгүй байж.
Тансаг энэ орд харшийнх нь
Тал нь ч тэгэхээр босоогүй байж дээ.
Үгүй болсныхоо дараа ч хүн олон зүйлийг
Үүтгэж болдог гэнэм.
Үр удам нь удалгүй энд ирээд “More Irish than Irish themselves” болоод
Үлдчихсэн нь ч үүний л нотолгоо гэлтэй.
Эргэцүүлж, бодсон зүйл минь гэвч
Энэ тухай хараахан биш ээ.
Үхлийнх нь дараах нүүлгэн шилжүүлэлт л
Үнэндээ намайг ийн бичүүлж байна.
Зүрхийг нь сугалаад хаашаа ч юм
Зөөж одохыг тэр хүсэх байсан уу?
Зөвшөөрч, хүслээ гэхэд аваачих газар нь
Зөвхөн Англи гэж үү? Нормандад бүр, эсвэл Белгид ч тэр
Нойрсож болох шүү дээ.
Илдэн бэйлийн хошуунд ч…
Ээ, би самуурч байна.
Бяслагтай талхаа хурдхан идчихээд
Эндээс гарахгүй бол горьгүй нь.
ТҮЙВЭЭН
Стелла! Стеллатай эхлээд мэнд мэдье.
Хөгжмийг чинь чангалж, сэтгэлийг чинь зөөллөдөг түүнд
Хүндэтгэл үзүүлье!
Алдар суунаас чинь болж үүдийг чинь тогших
Албингууд одоо ч түүнийг залхааж буй биз.
Арынхаа өрөөнд ноён Бойлермэйкэр чи харин
Үзэл санааг чинь гуйвуулах ёс суртахуунгүй гедонистуудыг хараавч,
“Ирсэн чинь сайн хэрэг боллоо.
Энд би ганцаардаж байлаа” гэж хэлээд угтчих нэгнийг
Үгүйлж суугаа мэт төсөөлөгднөм.
Өдрийн од шиг л цаадуул чинь гэвч
Үзэгдэхээ больсон нь ч ойлгогдном.
Хамгаас дотно нөхөд чинь
Коммунист атлаа буддист, харин чи өөрөө
Консерватив, кельт, католик болж таарсан нь,
Кассади л ганцаараа чиний найз хэвээрээ үлдсэн нь ч
Халаас хоосрох шиг л уйтай юм.
Нэрийг чинь зээлдэж, нөхдөөр чинь туг тахих гэсэн
Нэгдсэн Улсад чи үл зэвүүцэвч
Төлөөсийг нь төлөлгүй босс болох санаатай бөөснүүдэд
Түйвээн гэж чухам юу болохыг ойлгуулсан.
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэж эндүүрсэн
Үзүүлэнт хотоосоо чи эгээ л будда мэт бултсан.
Хорлогч, хорсогч, атаач, матаач хийгээд
Хольцгүй ариун сэтгэлтнүүд ч хол замд л чамайг тоссон.
Хулганасан хулчгарууд харин нялганасаар,
Хоосон, завхай хошигнолдоо баяссаар хоцорсон.
Хожим үзэн ядалтандаа хордож, сэтгэлээ ч сохолцгоосон.
Гансарч, хань нөхрөөр дутавч ухаанаасаа
Гажаагүйд чинь л тэд галзуурах шахсан.
Чиний амилуулсан “Спонтан проз”-ууд л
Чиний цор ганц өрсөлдөгч байсан.
Тэд л чамайг буланд шахсаар, Сент-Питерсберг рүү
Чимээгүйхэн цөлсөн. Тийм ээ, асаж явсан өөр лүүгээ ус цацсан хүн нь ч Чи өөрөө л байсан.
Өчигдөр чинь хэтэрхий сүр дуулиантай байсан болохоор
Өнөөдөр чинь тийм нам гүм болсон.
Сүүлчийн бүтээлдээ
Ливерпүүлийг чиглэн хөвөх худалдааны усан онгоцны тавцан дээрээс
Сүрлэн дээвэрт байшин хийгээд үхэр бэлчсэн улхан ногоон толгод бүхий
Ирланд орныг хараад Итгэж ядан чи уйлж буйгаа бичсэн.
Ирланд гэж үү? Үнэхээр мөн гэж үү?
Жэймс Жойсын өлгий нутаг мөн үү? гээд л
Жинхнээсээ зүрхээ зүсэж харуулсан.
Эцэг чинь, авга чинь ч эртний кельтүүд гэдгийг хэлээд
Эндээс чи тэднийгээ хайн, ахиад л замд гарсан.
Эх чинь харин орон дээрээ саажилттай хэвээр
Энэ бүхнийг мэдрээд үлдсэн.
Эгээ түүний өмнө ч бас
Эл шүлгийнхээ төгсгөлд би мэхийе.
ЦУУР
Цугласан олны дундаас хэн нэгэн нь гэнэт л
Цуур татаад эхэлнэ.
Гар буу тас хиймэгц гүйлтийн тамирчид
Гараанаасаа гарч оддог шиг
Бүгд л дор бүрнээ хөлөө товшлон
Бүжиж гарна. Баяр баясал болоод уй гунигийн завсар
Өчүүхэн нимгэн хальс л Байдаг гэдэг нь ч энэ үү, мэдэхгүй
Насан багад нас нь залуу ээж минь
Намайг өвөр дээрээ аваад
Яг ингэж хөлөө хөдөлгөх зуураа дуу аялж суусан нь
Яах ийхийн зуургүй л санаанд харвана.
Ээжийн минь хацрын бүлээн, хоолойных нь дулаан
Эгээ намайг тэвэрсэн гарынх нь зөөлөн
Энд, яг одоо юм шиг л мэдрэгдэнэ.
Баяр баясал болоод уй гунигийн завсар
Өчүүхэн нимгэн хальс л
Байдаг гэдэг нь ч энэ үү, мэдэхгүй ээ.
ТОРОЙХ ГАНЦ ҮНЭН
Гайхам бодлууд шувуу мэт нисэлдсэн
Газар орон руугаа ширээн дээрээ тохой тавиад тойрон аялнам.
Бартаа саад багахан байлгах гэсэндээ
Балгах юмаа ч ахиухан зэхнэм.
Урьдаас таах аргагүй угтах явдлынхаа гүн рүү
Учир чиггүй зугуухан дөхнөм.
Үнхэлцэг хавиас үл мэдэг догдлол
Зэрвэcхэн эрвэлзэж сэрвэлзтэл
Зэрэглээт хоосон талаар ажиггүйхэн зугаалнам.
Салхи сэвэлзээд, бороо шаагиад өнгөрөх шиг
Сар жилүүд улирах тусам,
Гэнэ сэрэггүй тэр л өдрүүдээсээ алсрах тусам
Гэнэт сэхээрэх шиг л аавыгаа би бодном.
Хөөр баяр хийгээд хөндүүр зовуурь энэхэн биед минь нэгэн зэрэг нэвчиж,
Уухилах галт тэрэг мэт сэтгэлээс
Уур мэт мэдрэмж болон олгойдохуй
Хүйтэн агаарт бяцхан дуслууд
Хүлээлт мэт бүлээнээрээ царцнам.
Аялал гэдэг үнэндээ
Аавыгаа санах л зам байж уу…
Тоос манартал хэчнээн хол давхилаа ч
Торойх ганц үнэн нь л энэ ажгуу.
ӨТӨЛ ЭРЧҮҮЛ
Содон, сонингүй өтөл эрчүүлтэй л
Сониноос их дотносож байна.
Цаг товлосон мэт л бид супермаркетын хажуугийн кафед
Цайлдаг болоод удаж байна.
Сонин, номоо сугавчилсаар
Хаалгаар орж ирмэгцээ тэд эгээ л
Алсын бараа ширтэн
Амсхийж буй аялагч аятай
Сууж заншсан суудлынхаа зүг
Хараачилж, сул үгүйг нь тандана.
Дасал ёсоор наашлах замд нь
Даллаж бид мэнд мэдэлцэнэ.
“Зорьсон газар луугаа яаралгүй, гэхдээ
Зоримог, итгэлтэй алх” гэж тэд надад сургана.
“Хөнгөн бай, хүрмээ тайлж тухлах зуураа ч
Хөгжилдөхөө бүү март” гэж бас сануулна.
Хэн, хэнд маань цаг хомс гэдгээ харин
Хэлж ярилцалгүй бид ойлголцоно.
Үг, дуу ч үгүй тэгээд өмнөх
Үг, үсэг рүүгээ шунгацгаана.
“Сонор сэрэмжтэй бай, амьдралд өчнөөн л
Солонго татна.
Элдэв чамирхалд гэнэдэх нас чинь гэвч
Энэ хүрээд дуусаж байна, хүү минь.”
Хуудсаа эргүүлэх агшиндаа ингэж хэлчхээд
Гүцтэй цай руугаа хялам ч хийлгүй
Хуруугаа сунгаад л сэнждээд авна, тэд.
Бороон дуслууд цонх даган бөнжгөнөнө
Бодол мэдрэмжүүд сэтгэл даган уйсна.
Анчин мэт араас гөрөөлөх нэгэн ганьхралаас
Аварч, намайг сэм мулталчхаад тэд яваад өгнө.
БЛАСКЕТИЙН АРАЛ
Эх газраас тасарч, (маргад ногоон арал л даа) оволзох давлагаад дээгүүр огло харайсаар
Эзэд нь одоо шувууд л болсон эзгүй арал дээр би ирээд байна.
Хөтчийн хэлж буйгаар саяхан л энд
Хүмүүс аж төрж, амьдрал буцалж байсан гэнэ.
Эр нөхрүүд өглөө эртлэн далайд гарч
Эхнэрүүд үнээгээ сааж, сардин загасны махаар сайхан хоол зэхдэг байсан гэнэ.
Хүүхдүүд харин оймсондоо ширэг өвс чихэж дүүргээд
Хөлбөмбөг болгон хөөцөлдөн тоглодог байж.
Орой үдшийн цагаар тосгоныхон хуран цуглаад
Огоорч үл болом домог яриа хуучлан суудаг санж.
Зууханд түлээ шатаж, тогоонд шөл буцалж асан тэр цаг нь
Зуухан жилийн л өмнө аж.
Цаг хугацаа хэмээх сунайсан харгуйгаар
Цааргалалгүй, түүнийг даган цаашилбал гэгээн
Иаковын шарилд мөргөхөөр
Сантьяго хотыг зорин хөдлөгсдийн усан онгоц ч
Сая миний нүдний өмнүүр дурайтал хөвж үзэгдэнэ.
“Протестант салхи”-нд ниргүүлсэн
Испанийн “армада”-н нэгэн хөлгийн тухай ч
Погдгор хөтөч маань залхалгүй залгуулан хүүрнэнэ.
Харин би тэрхэн зуур тэндээс түрхэн холдож
Хубилай хааны илгээсэн усан флот руу ухасхийн,
“Бурхны салхи” дэгдээгүй бол ч Япон орон
Будаа болох шахсан тухай бодож амжина.
Хүчит шуурганд өртчихөлгүй эргээд ирэхэд минь
Эзгүй арал дээр ганцаараа үлдчихсэн мэт
Хүн бүхэн дуугаа хурааж, өнгөрсөн цаг өөрөө ч
Өнөөх салхиндаа үүл мэт хийсэн оджээ.
Эрэг дээр нарлан хэвтэх далайн хавууд хүртэл
Эгээ давлагаанд шидэгдсэн мэт тэнхэлгүй харагдана.
Өвс ногоод л гэвч урьдын адил цолгиун хэвээр
Өнгөрсөнд юу ч тохиогоогүй мэт дохилзоно.
Салхи хэчнээн сагсалзавч салан одохооргүй
Сайтар бөхлөгджээ, тэд хөрсөндөө.
Хувь заяаны тохуурхалд үл сүйдэх ийм холбоос
Харин чи бидэнд даанч байсангүй дээ.