Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт 32 настай малчин залууг шонхор барихаар явсан гадаадын иргэд дайрч хөнөөсөн хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж, цахим мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөөд буй.
Энэ сарын 19-ний 06.00 цагийн орчимд “Бууцагаан сумын Баянбүрд багийн нутаг, Богд уулын модны ам гэх газарт жийп хөлөглөсөн хүмүүс мал хариулж явсан хүнийг мөргөөд зугтаасан” гэх дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Шалгалтаар тус багт суух 32 настай Э.О-ыг марк, улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж, амийг нь хохироогоод зугтсан гэх хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хэргийн газарт Баянхонгор аймгийн Цагдаагийн газрынхан шуурхай ажиллаж, гадаад улсын хоёр иргэнийг холбогдуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тэдгээр гадаадын иргэн Өвөрхангай аймгийн нутагт осолдсон байж болзошгүй гэсэн мэдээлэл ч гарсан. Орон нутгийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр гадаадын хоёр иргэнийг хойшлуулшгүйгээр саатуулах санал аймгийнхаа шүүхэд хүргүүлэхээр болсон гэх. Шүүхийнхэн нь тийм санал ирээгүй гэдгийг хэлэв. Юутай ч харь улсын тухайн хоёр иргэний хөлөглөж явсан тээврийн хэрэгслийг журамлан шүүхийн шинжилгээний байгууллагад нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр хүргүүлээд байгаа аж.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл хийхдээ “Гадаадын иргэн дайрсан гэдэг нь батлагдаагүй” хэмээсэн. Цагдаагийн байгууллагынхан тодорхой нотлох баримтыг бэхжүүлж авсны дараа бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэг, холбогдох хуулийнхаа хүрээнд баталгаатай зүйл ярихын тулд ийн хэлсэн нь болов уу. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаадын буюу араб иргэд дайрсан уу, эсвэл өөр хүн тээврийн хэрэгсэл жолоодож явсан уу гэдэг нь тодорхой болсны дараа бодит мэдээллийг цагдаагийнхан өгөх биз ээ.